Баянзүрхийг өмөөрөхүй
/бодрол/

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээс үзэхэд сүүлийн 24 цагт Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос короновирусын 31 тохиолдол илэрчээ. Ер нь тус эмнэлэгийн нийт батлагдсан 62 тохиолдлоос 46 нь эхний шинжилгээгээр, 16 нь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн юм байна. Энэ голомтод нийтдээ 1136 хүнийг ойрын болон дам хавьтлаар тогтоож шинжилгээнд хамруулж, ойрын хавьтлын 622 хүнийг эмнэлэг болон бусад газруудад тусгаарлаад байгаа аж.
Короновирусын шинэ голомт болж буй Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгийг сошил орчин зэргээр тал талаас нь ёстой нэг балбаж өгч байна. Тохижилт, ариун цэвэр, халдвар хамгаалалтын талаар дутуу хүтүү юм тэнд зөндөө байдаг бололтой. Харин шинэ голомт үүссэн тухайтад надад өөр бодол төрж өмөөрмөөр санагдлаа. Шадар сайд, Эрүүл мэндийн яамны мэдээллээс үзвэл алагтай цоогтой л юм байна. Гэвч эмнэлэг болон өвчтнийг зуун хувь буруутгах гэх нь зөвхөн нэг талын л үзэл бодол мэт санагдлаа. Хамтдаа бодьё л доо.
Эмнэлэгт хатгаа нь хүндэрсэн 18 настай нэгэн охин ирж. “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд хамрагдаж “сөрөг” гарсан шинжилгээний хариутай тэр охиноос эмнэлгийнхэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ дахин авахад бас “сөрөг” гарч. Ийм тохиолдолд яах вэ? Эмнэлэг авч л таарна. Тэгээд тэр өвчтөн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж. Харин түүнийг үзсэн нэгэн эмч “Энэ өвчтөнөөс PCR-ийн шинжилгээ авах шаардлагатай” гэхэд “хоёр удаа сөрөг гарсан хүнийг шинжлэх гэлээ” гэх эсэргүүцэлтэй тулгарчээ. Гэвч зөрүүдлэн зүтгэсээр байгаад PCR-ийн шинжилгээ хийлгэхэд “эерэг” гарснаас энэ голомтын үүсгэл анх тогтоогдож бужигнаад явчихсан аж. Манайхан болсон хойно буруутанг хайж мөнөөх эмнэлэг, эмчийг дээр доргүй дуудан загнаж юм юм л болжээ.
Миний бодлоор бол харин ч тэр эмчийг нууц голомтыг ил болгож, чимээгүй тархах аюулыг эрт илрүүлж, “цурманд оруулах” эхлэлийг тавьсаны төлөө магтмаар, өмөөрмөөр санагдлаа. Тэр эмч хэрэв тухайн цагт илрүүлээгүй бол, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг тэр өвчтнийг аваагүй буцаасан бол юу болох байсан бол. Жинхэнэ цар тахал болох ч байсан юм бил үү. Тиймээс аливаа тохиолдолд уужуу тайвуу ухаалаг хандаж учир явдлыг нь дор дор нь зөв тайлж, нийтийг хамарсан бухимдлаас аль болох зайлсхийж эерүү зөөлөн хандаж байвал эв нэгдэл үүсч хамтын хүчээр энэхүү гамшигт үзэгдлийг давж гармаар санагдана.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг халдварын шинэ голомтыг өөртөө татаж, хаана ч гарч болох эрсдэлийг хүлээсэн нь “тавилан” мэт боловч түүнийг эмнэлгийн хүрээнээс алдаж хөл хориог бүх нийтийн бэлэн байдалд хэсэгчилэн шилжүүлэх хэмжээнд хүргэсэн нь яавч зөвтгөх зүйл биш.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгийг өөрийн өнцгөөс өмөөрсний учир нь цар тахлын үед цагаан гэгээг эрж, бие биенээ зөвөөр ойлгож, бодит байдлыг элдэв туйлширлаас ангид эрүүл саруулаар ухаарахыг уриалах гэсэн жирийн иргэний санаа бодол төдий зүйл юм шүү гэдгийг зориуд тэмдэглэхийг хүсч байна. Буруутанг хайх гээд зөвийг үгүйсгэж болохгүй.
Ү.ХҮРЭЛБААТАР
2020.12.21. 21 цаг 41 минут

