Үе дамжсан уран бүтээлч гэгддэг жүжигчин Х.Баярмаа үнэтэй гар утас, үнэтэй автомашинаас татгалздаг гэнэ шүү.

Тэрээр оюутан байхаасаа хичээлийнхээ хажуугаар 3-4 ажлыг зэрэг хийдэг байсан аж.
Тиймээс мөнгө болон цаг хугацааны үнэ цэнийг илүү мэдэрсэн бөгөөд тансаг хэрэглээнээс аль болох татгалздаг тухайгаа ний нуугүй хэлдэг.
Жүжигчин бүсгүйн хувьд аавынхаа найруулсан дөрвөн кинонд тоглосон аж. Энэ тухайгаа тэрээр “Аав маань зургийн талбайд бусдад их зөөлөн мөртлөө надтай их зарчимч байдлаар харилцдаг.
Тэр нь ч надад амар санагддаг. Манай гэр бүлийн баримталдаг зарчим бий. Тэр нь уран бүтээл, гэр бүлийн харилцаагаа ялгаж, салгах. Харин давуу тал олон бий шүү.
Зөвхөн нэг жишээ хэлэхэд л уран бүтээлийнхээ тухай олон талд бодож, утсаар ярих шаардлагагүй. Хоолны ширээний ард суухдаа ч санал солилцоод амжчихдаг. Аав минь их зөөлөн хүн. Манай гэрээс хамгийн эртэч нь. Би өглөө 5.30-д босоход аав минь хэзээний л босчихсон байдаг. Аливаа юманд их зарчимч, ажил хэрэгч хүн дээ. Харин ээж минь эсрэгээрээ чанга хатуу харагддаг боловч дотоод сэтгэл нь их уяхан.Миний хамгийн дотны найз, зөвлөгч минь байдаг.
Гэр бүлийн хүрээнд их хөгжилтэй, наргианч зантай. Би аав, ээж хоёрыгоо дутуугаа гүйцээж, дундуураа нөхөж яваа яг л тохирсон хос гэж боддог. Хоёулаа гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд дуртай. Би өөрийгөө аав, ээжийнхээ халуун хайранд өссөн их азтай гэж боддог юм” гэжээ.

