Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрөвдэх өдрөө үргэлжилж байна.
Гэвч өчигдөр дуучин бүсгүйн ээж тэнгэрт дэвшиж, гэр бүлд нь хүнд гарз тохиогоод буй. Энэ тухайгаа дуучин Т.Баясгалан өөрийн цахим хуудаснаа бичээд, гашуудаж байгаагаа илэрхийлсэн.
Хэдийгээр тэднийг прокуророос Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж байгаа боловч ар гэрийн гачигдалтай, гашуудалтай энэ цаг үед шүүгчид нь “хүний үнэр” гарган шүүх хурлыг дахин хойшлуулж болохгүй гэж үү.
Тэдний хэрэгт холбогдох шүүх хурал өмнө нь хоёр ч удаа хойшилж байсан билээ.
Хэргийг эргэн сануулбал, УИХ-ын гишүүн асан, Д.Кёкүшюзанбатбаяр түүний эхнэр МУГЖ, дуучин Т.Баясгалан нар өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан. Улмаар зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаад буй юм.
Ташрамд дуулгахад, дуучин Т.Баясгалангийн төрсөн аав МУГЖ Д.Түвшинбаяр эхнэр, охин хоёроо бага залууд нь орхиж, АЖ Ш.Чимидцэеэтэй ханилж 20 гаруй жилийн нүүрийг үзсэн билээ. Харин гурван жилийн өмнө сүр дуулиантай салалт хийж, Ардын жүжигчин эмэгтэйн хөрөнгийг “хуу хамсан” тухай хэвлэлүүд бичиж байв.
Энэ цаг үед Д.Түвшинжаргалын “хаягдсан” охин гэгддэг МУГЖ Т.Баясгалан аавдаа байр бэлэглэж сэтгэл санааны дэмжлэг үзүүлж явсан юм.
Өдгөө охин нь амьдралынхаа хамгийн хүнд хэцүү цаг үетэй нүүр тулаад буй. Энэ үед Д.Түвшинжаргал гавьяат охиндоо хэрхэн нөмөр нөөлөг болохыг харах л үлдлээ.