Олон түмнээ “Боролдой” хэмээн танигдсан найруулагч, зураач Содномпилийн Мягмарыг танихгүй хүн ховор. Бортогон малгай, өвөрмөц сэтгэлгээгээрээ онцлог эл эрхэм дэлхийн олон сайхан жүжгийг “Black box” театрынхаа тайзнаа тавьж байсан нэгэн юм.
Нэгэн цагт рекламны мангас гэгддэг байсан тэрээр өдгөө 70 насны босго алхсан ч фигурээ алдаагүй яваа юм.
Түүний хувьд нэгэн цагийн үндэсний анхны хөрөнгөтнүүд болох “Монхангай”-н Сэргэлэн, “Номин”-гийн Баярсайхан, “Женко” группийн Баттулга нартай хатран ажиллаж, байгууллагынх нь анхны рекламыг хийж хөлжсөн гэдэг.
Тухайлбал, экс Ерөнхийлөгч Х.Баттулгын “Женко ланд” гэж анхны рекламыг тэр хийж байжээ. Түүний анхны бизнес болох “Саятан” сугалааны реклам, үсчний газар, “Холливуд” баар зэрэг газруудын сурталчилгааг тус тус хийж явсан гэдэг.
Энэ тухайгаа ноён С.Мягмар “Экс Ерөнхийлөгч Х.Баттулга “Саятан” сугалаагаар маш их задгай мөнгө цуглараад хурдан хаахгүй бол нурж унаад байсан гэж ярьсан байдаг чинь үнэн. “Номин”-гийн Баярсайхан гуравдугаар хороололд лангууныхаа ард зогсож байсан нь одоо ч нүдэнд харагдана. “Миний дэлгүүр”-ийн сүлжээ тэр чигээрээ, “Чингис шар айраг” гэхэд “Ам цангав” гээд цойлоод орж ирж л байлаа. Чин зоригт “Малчин” компанийн эзэн Чинзориг гэхэд надаар рекламаа хийлгэж байсан. “Малчин” компанийн бизнес бол сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон ажил.
Хөдөөгийн залуусыг соёлтой байлгах, юм үзэх, усанд орох, индүү нь нарны эрчим хүчээр ажиллах гээд их сайхан сэтгэлтэй монгол бизнес” хэмээн ярьж байсан удаатай.