“ДАЛАН ДАВХАР”-ЫН ЭНГЭРЭЭР
МИНИЙ ГАРГАСАН ЖИМ
Хамгийн гоё санаа явган алхахад төрдөг гэж Гeрманы нэрт яруу найрагч Гётe хэлсэн байдаг. Нээрээ ч явган алхахад гоё гоё санаа төрнө шүү. Тиймдээ ч миний биe зохиол бичихдээ дөрвөн хананы дунд элдвийг бодоод тархиа гашилгаад суудаггүй.
Өглөө болгон явган алхахдаа би диктофон хармаалж явдаг. Тэгээд тархиндаа хуралдсан зохиолын сэдэв санаа, гол баатруудынхаа үйл хөдлөл, хоорондын харилцааг ургуулан бодож яриад, түүнийгээ диктофонд буулгаад авчихна. Гүйцээ…
Нэг ёсондоо зохиолоо сууж биш явж, бас ярьж бичдэг. Тиймээс явсан нохой яс зуугаад ирэх нь олонтаа. Тэгэхдээ хаагуур явдаг гээч? “Далан давхар”-ын энгэрээр…
Үүгээр алхахад хажуугаар машин тэрэг, хүн амьтан хөлхөлдөөд байхгүй нам жим. Надаас өөр хүн энэ газраар алхана гэж үгүй. Сүүлийн хорин жилд энд хүн тавиулахаа байсан тул шинэхэн шарилын “зэд” хүртэж амьдардаг тэнэмэл хүмүүс “Нарангийн энгэр” лүү зүглэсэн гэнэ лээ. Тиймээс би гав ганцаараа ёстой жаргалаа эдэлдэг юм. Чимээгүй хотын чимээгүй орчин надад дэндүү сайхан онгод хайрладаг болохоор би үүгээр өөрийн гэсэн жим гартал алхаж ирсэн билээ.
Манай гэрийнхэн намайг оршуулгын газраар явж хар энeрги цуглууллаа л гэдэг юм. Хар энeрги гэж байдаг л юм бол цагаан энeрги гэж заавал байх ёстой. Учир нь “Далан давхар”-т 20-р зууны тавь, жараад оны шарил голдуу байна. Эдгээр хүмүүсийн дотор тэртээ 1800-гаад оны дунд үeд төрсөн өвгөд хөгшид олноороо байна. Пайлуур дээрээ түвд үсэг сийлүүлсэн лам хүний шарил ч мэр сэр үзэгдэнэ. Энэ хүмүүсийн оюун санааны энeрги, цаг хугацааны аялал гэж байх л ёстой. Яагаад гэвэл махан биe бол хов хоосон, оюун ухаан бол мөнх гэдэг шүү дээ. Тиймээс би энэ хүмүүсийн оюун санаа хуралдсан шарил дундуур алхаж яваад л “Ганлингийн дуу” романаа биччихсэн.
Өнгөрсөн жил Б.Саруул Saruul Saruul хэмээх судлаач миний номын тухай постлохдоо намайг өөр үелзэл долгионд хааяа очиж тохирдог, Монголын утга зохиолын философи сэтгэлгээний “Дээрхийн Гэгээнтэн” гэх мэтэар дөвийлгөөд “Магадгүй түүний оюун ухаан ертөнцийн хэмжээс, цаг хугацаанд үл баригдан аялдаг байж ч мэднэ. Энгийн зохиолтой зүйрлэж үл болох “сонин гайхамшигт” мэдрэмж түүнд байгаа нь “Луу амталсан нулимс”, “Ганлингийн дуу” зэрэг романаас нь илэрхий харагдлаа. Энэ зохиолуудад нь яах аргагүй шид, увидас оршино…” гэж бичиж байв.
Энэ нь хэдийгээр хэтрүүлэг мэт боловч дээр өгүүлсэн “Цагаан энeрги” гээч нь миний тархинд нөлөөлж, “Далан давхар”-т өнө мөнхөд нойрсож буй зуу гаруй жилийн тэртээх үй олон “оюун ухаан”-ууд надад онгод авъяас илгээсэн байж магадгүй л гэж би боддог. Нөгөө талаар ах дүүс нь хэдийнэ мартчихсан эдгээр бурхан болоочдыг би эргэж тойрч, оюун ухаанд нь гэгээ цалгиулж яваа ухаантай юм. Миний аавын шарил ч энд бас байдаг болохоор сэтгэлд нэг л дулаахан…
“Далан давхар”-ын зүүн талаар нэг хэсэг газарт урагшаа толгойг нь харуулж оршуулсан хятадуудын шарил байдаг. Хэдэн жилийн өмнө үүгээр алхаж явсаар “Луу амталсан нулимс” романаа бичиж байлаа. Учир нь энэ романы гол дүр Мин овогт Луу хэмээх данжаад бол Монголд насаараа амь зуусан “Авсчин” хятад билээ. Eрэн насыг зооглосон энэ хүн 1950-1990 он хүртэл мянган авс урласан. Тэгээд мянга дахь авсаа өөртөө зориулж, мянган авсныхаа баярыг тэмдэглэсэн оройгоо өөрөө тэр авсандаа орж хэвтээд, өмнө нь уудаг байсан зүрхнийхээ эмийг зориуд уулгүйгээр амьсгал хураадаг. Энэхүү зохиолоо бичих гээд би хятадуудын шарил дундуур алхаж явахдаа гоё гоё санаа зөндөөнийг олж авсан. Дөрвөн хананы дундаас бол олигтой юм төрөхгүй.
Одоо тун удахгүй хэвлэгдэх “Өнхөрч яваа чулуу” хэмээх романаа мөн л шарил дундуур алхаж яваад л биччихлээ.
Зохиолч нөхөддөө хандаж хэлэхэд явган алхаж байхдаа тархиндаа шинэ зохиолынхоо сэдэв санааг эрэлхийлэн бод! Гэхдээ над шиг шарил дундуур алхаад дэмий байх аа. Мэдэхгүй, чадахгүй хүмүүс ийм газраар хамаагүй явбал “По”-г нь аваад явчихдаг гэсэн шүү! Хаха…
Б.Ойдов