“Ахиж хоёулаа муудахгүй шүү”, “Байгаагаар минь хүлээн авах уу”, “Нэг л үхнэ” зэрэг нийгмийг зөв зүйлд уриалсан, эерэг хандлагатай дуугаараа ялгарч буй реппер бол Thunderz.
Түүний жинхэнэ нэрийг Б.Өлзий-Учрал гэдэг. Өсвөр үеийнхний дунд өөрийн уран бүтээлээрээ танил болсон тэрбээр реппер болохоосоо өмнө үндэсний бөхийн спортоор хичээллэдэг байсан гэнэ. Тэрбээр гэр хорооллоос урлагийн ертөнцөд олонд танигдаж яваа нэгэн юм.
Англиар “Thunder” гэдэг нь аянга цахилгаан гэсэн утгатай үг. Түүний хувьд Монгол Улсын их сургуулийг төгссөн бөгөөд их сургуулийнх нь 70 жилийн ойн баярын арга хэмжээнд дуулахад үеийнхэн нь түүнийг “Thunder” /Тундер/ гэж хочилдог байжээ. Учир нь тэр дандаа малгайтай цамц, аляска курткатай явдаг байсан болохоор тэгж нэрлэсэн аж. Тэр нэрээрээ гудамжны реп тэмбээнд оролцохоор нэрээ бүртгүүлсэн чинь Thunder /Тандер/ гэж дуудаад л ийм нэртэй болсон гэдэг.