Монголын баруун хязгаар болох Ховд аймгаас “Wall Street”-ийн хөрөнгө оруулалтын банкинд ажиллах мөрөөдөлдөө хүрсэн О.Батнайрамдал өдгөө улс төрд орж, УУХҮ-ийн дэд сайдаар ажилладаг.
Боловсрол мэдлэгээрээ өнөө цагийн улс төрчдийг хол хаядаг тэрбээр Ховд аймагт төрж өсөж, тэнд дунд боловсролоо эзэмшсэн нэгэн.
Ховд хотод наймдугаар ангиа төгсөөд Түрк сургуульд суралцахаар Улаанбаатар хотод анх хөл тавьж байсан тэрбээр сургууль гэхээсээ илүүтэйгээр хотод амьдарна гээд их баярлаж байсан гэнэ лээ.
Тэрбээр дээд боловсролыг АНУ-д эзэмшсэн юм. 2008 онд АНУ-ын Миннесота мужийн Сэйнт Паул хотод Макалестер Коллежид Нобелийн энх тайвны шагналт Кофи Аннаны нэрэмжит тэтгэлэг авч тэнцээд сургуулийнхаа анхны монгол оюутнаар элсэн орж байжээ. Түүнийг Макалестерд оюутан байх үед олон улсын санхүүгийн төв болох Нью-Йоркийн “Wall Street”-д ажиллах нь санхүү, эдийн засгийн чиглэлээр сурч байсан оюутан бүрийн мөрөөдөл байсан юм. Тэр ч бас Нью-Йоркийн том хөрөнгө оруулалтын банкинд ажиллана гэсэн зорилготой ихэд шамдан сурч эхэлсэн гэдэг.
Сургуулиа төгсөх үед эдийн засгийн тэнхмийнхээ шилдэг оюутнаар шалгарч, мөн сургуулийнхаа Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг манлайлагч оюутны шагналыг авч байжээ.
О.Батнайрамдал Харвардын Бизнесийн сургуульд 2013 онд элсэн орж 2015 онд төгсчээ.

