Бидний дотны хүн, анд найз Төмөрбаатарын Билэгжаргал цаг бусаар ертөнцийн мөнх бусыг үзүүллээ.
Тэрээр том алаг нүдтэй, хайр татам гүн харцтай, хүн бүхний хайхыг татсан сэргэлэн цовоо өсөж торнисон аав ээжийн амин эрдэнэ, ахан дүүсийнхээ бахархалт нэгэн байлаа.
1995 онд Нийслэлийн тэргүүний 24-р сургуульд элсэн орж төгсөөд 2004 онд Монгол улсын Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангид элсэж, хүсэл зорилго нэгтэй олон охид хөвгүүдийн дунд орж, насан туршийн мөрөөдөл болсон мэргэжлээ эзэмшиж төгссөн юм.
Оюутан ахуйдаа өөрийн ур чадварыг нээх, ахиулах бүхий л оролдогыг хийж кино, сурталчилгаа, клип гээд Дэлгэцийн урлагийн төрлүүдээр уран бүтээлийн гараагаа эхлэж, түүнээс хойш 30 гаруй Уран сайхны киноны гол ба туслах дүрийг бүтээж, өөрийн оюун ухаан авьяас чадварыг харуулсан 2 бүрэн хэмжээний киног үзэгчдийн хүртээл болгоод байсан юм.
Цуцашгүй эрч хүч, элдэвтэй зан чанар, өөрөөсөө илүү бусдаддаа байнга л туслаж явдаг унаган зан чанар нь түүний минь илэрхийлэл, жинхэнэ дүр төрх нь байлаа.
Мартагдах амархан ч мартуулахгүй амьдрах ямар байдгийг өөрийн ахархан амьдралаараа харуулж чадсан түүнийг Монголын олон мянган үзэгчид, шинэ үеийн залуучууд, тайз дэлгэцийн урлагийн хамт олон үүрд дурсан санах болно.
Тэр инээмсэглэдэг, инээд нь зүрхэнд хүрдэг.
Бусдын өмнөөс өөрийгөө ч мартах хатан зориг зөвхөн түүнийх байлаа. Урлаг түүнийг мартахгүй, анд найзууд нь мартахгүй, анги хамт олон нь мартахгүй, алдрай үрс нь мартахгүй, амин найзууд нь мартахгүй.
Тэр мартагдахгүй
Найз минь үргэлж чамайг дурсан санах болно. Эргээд бидэндээ төрөөрэй
Ум сайн амгалан болтугай
Ninjee Dorjsuren

