ОХУ-ын цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласантай холбогдуулан тус улсын иргэд гадагшаа зорчих урсгал эрс нэмэгдсэн. Хил Хамгаалах Ерөнхий газрын өгсөн мэдээллээр есдүгээр сарын 21-нээс аравдугаар сарын 20-ны өдрийн хооронд ОХУ-ын 5401 иргэн манай улсад нэвтэрсэн байна.
Тус улсаас өдөрт дундажаар 270 иргэн нэвтэрч буй бөгөөд тэдэнд ГИХГ-ын албан хаагчид зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа аж.
Албаныхны мэдээлж буйгаар, өнгөрсөн нэг сарын хугацаанд Монгол Улсад байх хугацааг сунгуулах 2590 иргэний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
Эх сурвалжийн мэдээллээр, манай улсад одоогийн байдлаар 122 улсын 22397 гадаадын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй байна.
Үүнээс ОХУ-ын 5490, БНХАУ-ын 7778, Солонгос улсын иргэн 1777, АНУ-ын 2130, бусад улсын 5222 иргэн байгаа.
Тэднээс албан хэргээр 391, хөрөнгө оруулагч 1881, хөдөлмөр эрхлэгч 7230, гэр бүлийн болон хувийн хэргээр 6786, суралцахаар 1221, цагаач 1859, шашин 58, түр ирэгчээр 2971 гадаадын иргэн байгаа ажээ.

