Нийтийн дууны урлагт оюутан цагаасаа олонд танигдсан бүсгүй бол А.Түмэн-Өлзий.
Тэрбээр саяхан “Хунт нуур” дуугаа шинэчлэн дуулж, шинээр клипээ хийлгэсэн нь олны анхаарлыг татаад байгаа юм. Учир нь тэрбээр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Ганга нууранд чуулсан 6000 хунгын нэгээхэн хэсгийг шинэ клипныхээ зурагт оруулсан гэдгээрээ онцлогтой. Мөн зураг авалтын зарим хэсгийг Архангай аймгийн Өгий нууранд хийж, МУГЖ “Ятгын хатан” Мөнх-Эрдэнэтэй хамтран ажилласан нь “Хунт нуур” дууг шинэ дуу мэт сэтгэгдэлийг үзэгч сонсогчдод төрүүлээд байгаа.
Намрын дунд сарын сэрүүн өдрүүдийг ажралгүй хийсэн түүний шинэ клипны зураг авалт 36 насных нь төрсөн өдрөөр хийгдсэн гэдэг.
Дуучин бүсгүйн хувьд одоогоос 11 жилийн өмнө буюу 2011 онд “Хунт нуур” дууг дуулсан. Түүнээс өмнө тус дууг МУАЖ С.Батсүх 1989 онд анх дуулж байжээ. Гэвч сонсогчдын зүгээс А.Түмэн-Өлзийгийн хувилбараар сонсох илүү дуртай байдаг. Энэ ч утгаараа МҮОНРТ-ийн “Алтан сан хөмрөгт” түүний дуулсан хувилбараар багтаажээ.
Харин дууныхаа клипыг 2014 онд хийж байжээ.
“Хунт нуур” дуугаа дахин сэргээсэн дуучин А.Түмэн-Өлзийг 8 жилийн өмнөхөөсөө хэрхэн өөрчлөгдснийг сонирхуулж байна.
Тэрбээр “Хунт нуур” дууны клипыг 2014 онд хийхдээ дөнгөж 28 настай, ганц бие байжээ.
Харин өдгөө бяцхан охины ээж болж, багагүй амьдрал үзсэн “эгч” болсон байгааг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэж буй биз ээ. Түүний хувьд хэзээнээсээ үзэгчид олондоо хүндэтгэлтэй ханддаг, шударга шулуун зан чанартай гэдгээрээ онцгойрдог. Энэ утгаараа сошиалд ч идэвхитэй байж, заримд нь “ад” болох нь бий. Тэглээ гээд дуучин бүсгүйн цог золбоо унтраагүй, улам дүрэлзэн ассаар буй. Өдгөө өөрийнхөө дотоод гоо сайхнаас гадна гадаад гоо сайхандаа анхаарч, аль болох сайн сайхныг үзэгч сонсогчиддоо харуулахын тулд шүдэндээ бага зэргийн засвар хийснийг шинэ клипээс нь харж болох нээ.
Сонирхуулахад, “Хунт нуур” дууны хуучин клипыг өнөөдрийн байдлаар 1 сая 290 гаруй мянган хүн үзэж, сонирхсон байгаа бол, шинэчилж хийсэн клипыг нь 24 цагийн дотор 7200 хүн үзэж, сонссон байна.
Ямартаа ч, сүүлийн жилүүдэд ганцаараа уран бүтээл хийж тэр бүр харагдаагүй А.Түмэн-Өлзий өнгөрөгч 9-р сард ээжийнхээ төрсөн өдөрт зориулж “Ижийдээ дуулъя” дуугаараа дахин COMEBACK хийсэн бол, энэ удаад “Хунт нуур”-ныхаа шинэчилсэн клипээр дахин нэг тэсрэлт хийж чадлаа.