Өмнөд Солонгос улсад гэрээгээр ажиллах хугацаандаа дуучин болох мөрөөдлөө биелүүлж чадсан С.Гантогоо өдгөө хэдийнэ олны танил нэгэн болжээ.
Хөвсгөл нутгаас гаралтай тэрбээр газарзүйн багш мэргэжлээр их сургуулиа дүүргээд, шууд БНСУ-д гэрээт ажилтнаар явсан гэдэг. Өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд багагүй саад бэрхшээлтэй тулгарч явсаар БНСУ-ын олон үндэстний дуулаачдын “Монтант” /Multicultural Transnational Chorus/ хэмээх байгууллагад дуучнаар ажилласан түүх түүнийх.
Харин монголчууддаа тэрбээр 2017 онд “Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг 2” шоуны шилдэг оролцогчдын нэг гэдгээрээ анх танигдсан. Тухайн үед Гавьяат жүжигчин Т.Ариунаагаас “Монголын рок поп урлагт тавтай морил” хэмээн талархал хүлээж байсан тэрбээр кино урлагт авъяасаа сорьсон нь олны хүртээл болж эхэлсэн.
Өдгөө энд тэндэхийн арга хэмжээнд дуучныхаа хувиар уригддаг түүнийг манай папараци дуран хэрхэн буулгасныг сонирхуулж байна.






