Ж.Бизегийн алдарт “Кармен” дуурийн гол дүр гал халуун цустай, эрэлхэг дайчин цыган бүсгүйн дүрээр алдаршиж, урлаг дахь орон зай, хувь хүний дотоод ертөнц, мөн чанараа тунхагласан энэ хатагтайн Ч.Мөнхшүр гэдэг.
Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин хэмээх алдар цолыг авьяас, чадлаараа энгэртээ гялалзуулсан урлагийн үзэсэглэнт бүсгүйчүүдийн нэг энэ хатагтай өдгөө 70 насны босго алхаж яваа. Гэвч тэрбээр үеийнхнээсээ даруй 20 насаар залуухан харагддаг.
Кармены дүрийг Ленинград хотын хөгжмийн дээд сургуулийг дүүргэсэн Ч.Мөнхшүрээс өөр хэн ч тэгтлээ төгс бүтээж чадахгүй гэж дээхэн үеийн урлагийн луглагарууд хэлдэг нь үнэний ортой. Хатагтай Ч.Мөнхшүрийн орон зай одоог хүртэл ягаан байшинд үгүйлэгдсээр байгаа билээ.
Хэзээд смоки будалттай эргэлдсэн алаг нүд, өтгөн хөмсөг, өвөрмөц нийтлэг бус төрхөөр бусдаас ялгарч ирсэн энэ хатагтайн аав хятад хүн байсан хэдий ч Монгол улсад Мебелийн үйлдвэр гэгчийг байгуулагдахад гар бие оролцсон, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой хөдөлмөрч хичээнгүй эрхэм байсныг учир мэдэх хүмүүс хэлдэг.