Дэлхийн шилдэг таван дуучны нэг гэгддэг МУГЖ, дуучин Э.Амартүвшин МУГЖ, дуучин Г.Ариунбаатар нарын мэргэжлийн багшийг уншигч та таних уу. Тэд өдгөө өөр өөрсдийн замналаар дэлхийн нэр хүндтэй театруудад ажиллаж, авьяас хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж яваа. Тэгвэл тэдний авьяасыг “алмаз” болгосон Монгол улсын гавьяат жүжигчин О.Ичинхорлоо багшийг нь энэ удаад бид папараци дурандаа онцолж байна.


О.Ичинхорлоо гуайн хувьд СУИС-д 30 гаруй жил багшилж байгаа нэгэн бөгөөд өдгөө 78 настай тэрбээр шавь нараараа бахархал дүүрэн суудаг гэнэ лээ.
Тэрбээр 1961-1966 онд Болгар Улсын Софи хотын Хөгжмийн Дээд Сургуулийн дуурийн дуулаачийн ангийг дуурийн дулаач мэргэжлээр онц сайн дунтэй төгсчээ. Үүний дараа Монгол Улсын Дуурь Бүжгийн академик театрт гоцлол дуучин, Монгол Улсын Филармонид гоцлол дуучнаар тус тус ажиллаж байсан бөгөөд 1979 оноос Улсын Багшийн Дээд Сургуульд дуу-хөгжмийн факультетэд, 1990 оноос Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуульд дуурийн дуучний мэргэжлийн багшаар ажиллаж байна.
Энэ хугацаанд 70 гаруй гарын шавь бэлтгэж гаргасны дээр олон зуун оюутнуудад багшилсан туршлагтай сурган хүмүүжүүлэгч багш юм. Түүний шавъ нараас Олон Улсын тэмцээн уралдаануудад удаа дараа оролцож шагналт байруудад орж байсан байна.
Мөн дууны урлагт сургалт хумуужлийн ажил хийхийн зэрэгцээ Дж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурийн Мадам Батэрфлай, “Тоска”-ийн Тоска, Ш.Гуногийн “Фауст”-ын Маргарита, СРахманиновын “Алеко”-ийн Земфира зэрэг 15 дуурийн гол болон туслах дүрүүдийг амжилттай бутээжээ.



