Монголын дуурийн урлагийн алтан үеийнхний ар дээр шил даран гарч ирсэн цөөн уран бүтээлчдийн нэг нь Сэлэнгийн “том” Төрөөг гэдэгтэй маргах хүн гардаггүй билээ. 
Цагтаа дуурийн театрын шилдэг баритон хэмээн нэрлэгдэж, алдарт Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд эх орныхоо нэрийг өндөрт өргөн шилдэг 10 дуучны нэгээр шалгарч байсан түүх түүнд бий.
Түүнийг хоолойны цараараа гайхуулж явах үед буюу 1990 оны сүүл үед урлагийг дэмжих нь байтугай айл өрхүүд хоолтой, хоолгүй хонохын зааг дээр, төр улс нь төрийн албан хаагчдынхаа цалинг тавьж чадахгүй ажил хаялт болж, сургууль, цэцэрлэгүүд халаалтаа өгч чадахгүй завсардаж байсныг мэдэх юм.
“Сэлэнгийн” хэмээх тодотголтой Балжиннямын Баттөр өдгөө 24 жил дуурийн урлагт үнэнчээр зүтгэж буй “цэрэг”. Халхын тэргүүн Юндэнгээр шалгарч явсан СУИС-ийн дуурийн дуулаачийн багш, докторант Балжиннямын Баттөрийг папараци дурандаа онцолж байна.


