Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар Ардчилсан Нам (АН)-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал “Өчигдрөөс хойш хулгайчдын нэрс энд тэнд яригдлаа. Ичсэн хүн хүн ална гэгчээр МАН-аас сонгогдсон таван гишүүн мэдэгдэл хийж байсан.
Одоо миний гарт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх бичиг баримт байна. Тус компаниас үүдэлтэй томоохон хулгайн хэргийг зохион байгуулалттай хийсэн байж болзошгүй байна. Энэ бүхэн Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ), МХЕГ, Авто Тээврийн Үндэсний Төв(АТҮТ), “Эрдэнэс Тавантолгой” ХК гэх дөрвөн байгууллага дээр төвлөрч байгаа. Тэгвэл эдгээр байгууллагын удирдлага болон ТУЗ-ийг хэн томилдог юм бэ гэвэл,
• Нэгдүгээрт, ГЕГ-ын даргыг МАН, Сангийн яам томилдог.
• Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлыг Засгийн газраас санал болгосноор тухайн компанийн ТУЗ бүрдэж, улмаар гүйцэтгэх захирлаа томилж байгаа.
• Гуравдугаарт, МХЕГ-ын удирдлагуудыг МАН-аас томилдог.
• Дөрөвдүгээрт, АТҮТ-ийн даргыг Засгийн газар болон Зам тээврийн хөгжлийн сайд томилдог.
Гэтэл тэдний үйлдсэн хулгайг 2016 оноос хойш ажилгүй явж байгаа АН-ын гишүүд хийсэн мэтээр нийгэмд сурталчилж байгаа. Эсвэл өөрсдийн намдаа нөлөөгүй хэдэн нөхдөөр туг тахиж үзэж байна.
Бид өчигдөр гурван хүний нэрийг зарласан.
Тодруулбал, Сү.Батболд, Ч.Хүрэлбаатар, П.Анужин гурван хүний нэрийг хэлсэн. Өчигдөр зарласан Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт нь ГЕГ-ын даргаар ажиллаж байсан. Энгийн логик уялдаа энэ бүхнээс хөвөрч байна. Нүүрсний хулгайтай холбогдсон хүний эхнэрийн дүү нь ГЕГ-ын даргаар томилогдож байдаг.
Өнөөдөр дахиад нүүрсний хулгайд холбогдож буй МАН-ын хоёр гишүүний нэр ирж байна. Тэр хүн нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан юм. Таны найз нөхөд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага, МАН-ын шинэчлэлийн хөдөлгөөн гэж явсан хулгай. Тиймээс УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан таны нэр хамгийн түрүүнд дурдагдаж байгаа” гэв