“Бодь интернэйшнл” группийн үүсгэн байгуулагч Д.Баясгалан Засгийн газрын шийдвэрээр ЭТТ ХК-д холбогдох оффтейк гэрээнүүдийг нэг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гэрээний хүрээнд мэдээлэл өглөө.
Тэрбээр “2008 онд “Энержи ресурс”-д концессын эрхийг өгсөн байдаг. “Энержи ресурс” бэлтгэл ажлаа хийж явсаар 2012 онд концессын гэрээгээ байгуулсан. 2008 оны зөвшөөрөл С.Баярын ЗГ-ын үед, 2012 онд Сү.Батболдын үед гарсан байдаг. Харин Н.Алтанхуяг гарч ирээд лицензийг цуцалсан. Ингээд “Монголын төмөр зам” руу шилжүүлсэн. “Монголын төмөр зам” компани улмаар “Энержи ресурс”-т нөхөн төлбөр олгосон. Шинээр тендер зарлаагүй, “Энержи ресурс”-ийн хийсэн ажлыг нь үргэлжлүүлсэн гэсэн үг. Ингээд төсөл 2014 онд санхүүжилтгүй болж зогссон. 2015 оны эхээр төсөл бүрэн зогссон. Дараа нь Ч.Сайханбилэгийн ЗГ-ын үед гэрээ цуцлагдсан. Улмаар төсөл 2019 он хүртэл таг зогссон.
“Энержи ресурс”-ийн гэрээгээр ажиллаж эхлээд байсан “Самсунг” компанийн захирлыг хорьж, саатуулаад торгоод явуулсан байдаг. “Овоолсон шороо” гэж ярьдаг 276 сая ам.долларын 74-ийг “Энержи ресурс”-т нөхөн төлбөр болгож өгсөн. 200-г нь “Самсунг” компанид өгч, зарцуулагдсан.
Харин бид “Энержи ресурс”-ийн захиалгаар хийсэн ТЭЗҮ-ийг 2019 онд ямар ч өөрчлөлтгүйгээр авсан. Өмнө нь гаргасан 274 сая төгрөгийг хасаад, зөрүү 792 саяар манайтай гэрээ байгуулсан. Дуусгаж өгөөч гэж гуйсан. Өөрөөр хэлбэл бид 2019 оны сүүлээр гэрээ байгуулахдаа долоон жилийн өмнөх ТЭЗҮ-ийн үнээр байгуулсан. Өөрөөр хэлбэл, бид ТЭЗҮ-д өөрчлөлт оруулаагүй. За, эхний ТЭЗҮ хил хүрэлгүй зогссон байсан. Түүнийг гүйцээх нэмэлт ажил бидэнд өгснөөр төсөлийн нийт өртөгт дараа нь өөрчлөлт орсон.
Бид нэгдүгээр зэрэглэлийн төмөр замыг харин ч хямд барьж өгсөн. Өнөөдөр ярьж буй зүйлээ хаана ч хамгаалж чадна.
Хоёрдугаарт, нүүрсний гэрээний асуудал бий. Манай компани 30 сарын дотор төмөр зам барьж дуусгах үүрэг хүлээлгэсэн. Мөртлөө 60 сарын дотор мөнгөө авах шаардлага тавьсан. Гэхдээ бид ажлыг хүлээж авсан. Ингээд 15 хувийг нь урьдчилгаа болгож аваад, үлдсэнийг нь нүүрсээр өгөх шаардлага тавьсан. 2019 онд улс гадаадаас мөнгө босгох гээд чадаагүй. Дотоодоос мөнгө босгох гээд бас чадаагүй. Цорын ганц бололцоо нь нүүрсээ л өгөх байсан. Ийм учраас нүүрсний гэрээ рүү орсон юм.
Үнэ улирал тутам өөрчлөгддөг, индексжүүлдэг. Манайхаас хямдаар нүүрс авдаг БНХАУ-ын худалдан авагчид ч бий. ЭТТ ХК нүүрсний үнийг зарладаг мөртлөө мөрддөггүй” гэлээ.