Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2023 оноос эхлэн нийт хүүхдийн 90 гаруй хувьд олгохоор тооцож, төсөвт тусгасан.
Иймд ямар өрхийн хүүхдүүдэд сар бүр 100,000 төгрөг олгох тухай журмыг боловсруулахаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яаманд ажлын хэсэг томилогдон ажилласан юм.
Яамны зүгээс “Хүүхдийн мөнгийг хэрхэн олгох журмыг энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батална. Үүний дараа нийтэд мэдээлэх бөгөөд түүнээс өмнө нь мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Өнгөрөгч 2022 оны 10-р сард 2023 оны төсвийн төслүүдтэй хамт Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээнд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Тодруулбал, Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох үйл ажиллагааг өрхийн амьжиргааны түвшинг нарийвчлан тооцохдоо өрхийн мэдээллийн нэгдсэн сан болон төрийн мэдээллийн бусад санг ашиглан бүрдүүлэх, хүүхдийн мөнгөн хуримтлал болон бусад хэлбэрээр хадгалах, хөрөнгө оруулалт хийх боломжийг олгох, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг согтууруулах ундаа, тамхины хэрэглээнд зарцуулахыг хориглох байдлаар тусгасан байдаг.
Хүүхдийн ирээдүйн өв санд зориулан сар бүр олгож буй зуун мянган төгрөгийг эцэг, эхчүүд архи, тамхинд зарцуулж байгааг хуулиар хориглохоор оруулж иржээ. Үүний шийдэл нь архи, тамхины худалдаанд ашиглах боломжгүй тусгай картаар хүүхдийн мөнгийг олгох гэв.
Ингэж зохицуулалт хийвэл хүүхдийн мөнгө жинхэнэ эзэндээ бүрэн очиж, эцэг эх нь архи, тамхинд зарцуулдаг байдлыг бүрэн хянах боломжтой юм. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нийтэд мэдээллэхдээ “Хүүхдийн мөнгийг картаар олгохоор болсон. Тухайн карт нь архи, тамхины худалдаанд ашиглагддаггүй байх зохицуулалтыг татварын систем дээр бий болгосон. И баримтын системтэй хамтраад богино хугацаанд хүүхдийн мөнгийг картаар олгох системд нэвтрүүлнэ.
Хүүхдийн мөнгийг халамжид оруулсан учраас хүүхдэд зориулагдсан хоол хүнс, тэжээлийн бүтээгдэхүүнд л тухайн картаар үйлчилдэг байх системийг ойрын хугацаанд оруулах боломжтой гэж үзэж байгаа. Цаашилбал, зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж, бараа бүтээгдэхүүнээр хангадаг байхаар зохицуулалт хийнэ” гэж байв.