Хавдарын Үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал, АУ-ны доктор Б.Цэцэгсайхан ийн бичжээ.
Тэрээр “1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОНОШЛУУР АВАХЫГ ЭСЭРГҮҮЦСЭНЭЭС ЭХЭЛСЭН 2 ЖИЛИЙН ДАРАМТ
Яг одоогоос хоёр жилийн өмнө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргаар томилогдон, яг нэг жилийн өмнө уг албан тушаалаас эмнэлэгт хэвтэж байхдаа чөлөөлөгдсөнөө сайтын мэдээнээс мэдэж байж билээ. Тухайн үед яагаад чөлөөлөгдсөн асуудлыг яривал албан тушаалдаа үлдэх гэж ядсан, сандал ширээтэйгээ зууралдсан нэгэн гэж шүүмжлэх хүн их байсан. Нөгөө талаас ковидын нөхцөл байдал хэцүү байсан үед ийм асуудал ярьж олон хүний сэтгэлийг зовоох нь ёс зүйгүй санагдаж, мөн эрх мэдэлтэй хүмүүс #эрх_мэдлээрээ далайлган маш их дарамт үүсгэж байсан тул асудлууд шийдэгдтэл, цаг хугацаа нь иртэл хүлээцтэй хандсан билээ!
Ажлаас халагдсаны дараа бүтэн жилийн хугацаанд шүүхийн процесс болон эрх мэдэлтнүүдийн албан тушаалаа ашиглан үзүүлж байсан “эрүү үүсгэн яллагдагчаар татах гэсэн” олон шалгалтыг давсны дараа үгээ хэлэх цаг одоо л ирж байна.
Өнөө үед нэг бол эрх мэдэлтнүүдийн үүрэг даалгаврыг үг дуугуй биелүүлж, азтай бол ажилтайгаа, азгүй бол шоронд орж, хэргийг нь үүрэх эсвэл шударга бус зүйлийг эсэргүүцэж, байж болох бүх дарамт, хэлмэгдүүлэлт, гүтгэлгийг амсаж халагдах гэсэн 2 сонголт байдаг болжээ. Миний хувьд эргэлзээгүй 2 дах сонголтыг сонгож нэг жил ажлын байранд, нэг жил ажилгүй ч асар их дарамтыг нь мэдэрсэн. Дээр үед махан биенд нь үзүүлдэг эрүү шүүлт байсан бол орчин цагийн сэтгэл санааны #эрүү_шүүлт бол үүнээс нэг их ялгагдах үгүй юм билээ. Хэнд ч ярихаас халширмаар сэтгэлийн өвдөлт, дарамтыг мэдэрч, сэтгэл зүйгээр шаналж, эрүүл мэндээрээ хохирч, Эрүүгийн цагдаа, Шүүх, Авилгатай тэмцэх газар зэргийн үүдэнд хүлээж, мэдүүлэг өгч, эрх ашгаа хамгаалах нь хир баргийн эмэгтэй хүний хувьд амаргүй даваа юм билээ. Гэр бүл, үр хүүхэд, ээжийнхээ санааг зовоохгүйн тулд дотроо уйлж, шаналж байсан ч мэдэгдэхгүйг хичээж, нойргүй хоносон шөнө олон байсан.
Гэхдээ төрийн ажлыг хэн нэгний эрх ашгийг бус нийтийн эрх ашгийг урдаа тавьж, хоёргүй сэтгэлээр, бүх чадлаараа, шударгаар хийсэн болохоор өөрийгөө зоригжуулж, төрийн сүлдэндээ залбиран сэтгэлийн хатаар хар дарсан зүүд шиг хүнд хоёр жилийг ардаа үджээ. Үнэнээр явахад үхэр тэргээр туулай гүйцдэг болохоор асар их үнээр үнэн ЯЛАХ ЦАГ нэг өдөр ирнэ.
ТҮҮХ ИНГЭЖ ЭХЭЛСЭН:
Миний хувьд ковидын цар тахлын ид үед 2021 оны 1 сард нэг хуудас Засгийн газрын тогтоолтой шинэ агентлагийг байгуулах үүрэг даалгавар авч эхлүүлж байсан. Бүтэн сар гологдсон хүүхэд шиг орох газаргүй, эмч нарын дотуур байрны нэг өрөөнд гэрээсээ авчирсан компьютертэй ажлаа эхлүүлж, дараа нь Эрүүл мэндийн яамнаас олж өгсөн түрээсийн байранд орж, өөрсдөө зарим засвар хийж, хагас жил энд тэндхийн сургуулиас ширээ, сандал, компьютер гуйж тавьж ажиллаж билээ. Бүтэн жил амралтын өдөргүй ажилласны үр дүнд 132 хүний орон тоотой, бүх аймагт салбартай, үндэсний хэмжээний байгууллага болгож, хагас, жил бүтэн жилийн эрүүл мэндийн яамны үнэлгээгээр дандаа А үнэлэгдэж, Авилгатай тэмцэх газрын Шударга байдлын үнэлгээгээр төрийн 65 байгууллагаас 6-р байранд үнэлэгдсэн байсан. Тэгэхэд Эрүүл мэндийн яам 52-р байранд орж байсан билээ.
Цар тахлын үед манай хамт олон 6 удаа 3 орон руу тусгай үүргийн онгоц нисгэж, яаралтай, тасалдах эрсдэл бүхий бүх эм тариа, түүхий эдийг татаж авах ажлыг гардан зохион байгуулж, хил хаалттай хүнд үед ямар нэгэн эм тариа тасалдуулахгүй ажилласан.
БУЛХАЙГ СӨРСӨН НЬ:
Одоо харин яагаад халагдах болсон, хэний эрх ашигт хөндөлдсөн зэрэг хэдэн шалтгаанаас товчхон дурдъя.
Гол шалтгаан бол ковидын үеийн эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалттай холбоотой байсан.
1. Хатуу хөл хорионы үед 2021 оны 4-р сард яаралтай ковидын оношлуур авах үүрэг даалгавар өгөгдсөн юм. Тендер зарлаад явж байтал тендерээ зогсоогоод шууд Хятадын нэр бүхий компаниас 1,5 тэрбум төгрөгөнд шүлсний түргэвчилсэн оношлуур авах ажлыг 2 хоногийн дотор зохион байгуулах үүрэг Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас өгөв. Үүний дагуу үүрэг болгосон 500,000 оношлуурыг Хятадаас онгоцоор яаралтай тээвэрлэх ажлыг зохион байгуулж, Эрүүл мэндийн яаманд хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш 2 хоногийн дараа дахин 1,5 тэрбум төгрөгний шүлсний түргэвчилсэн оношлуур авах үүрэг өгөв. Одоо оношлуурын нөөц тасалдах асуудал ойрын хугацаанд байхгүй тул үнэлгээний хороогоор сайтар судалж байж захиалгын асуудлыг ном журмаараа шийдье гээд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораториор шинжлүүлж, лабораторийн мэргэжлийн салбар зөвлөлийн гаргасан дүгнэлтээр шүлсэнд үздэг түргэвчилсэн энэ оношлуурын мэдрэг чанар 20 хувьтай гарсан.
Энгийн үгээр хэлбэл тухайн оношлуураар ковидтой өвчтөний 10 тохиолдлын 2-ыг л илрүүлнэ, бусад 8 тохиолдлыг илрүүлж чадахгүй гэсэн үг
Ингээд судалтал өмнөх оношлуурын 480.000 ам. долларын төлбөрийг Хятад дах компани руу Эрүүл мэндийн яам урьдчилж шилжүүлчихээд өөрсдөөсөө холдуулахын тулд авах ажлыг манай руу шилжүүлсэн байж билээШаардлага хангахгүй ийм оношлуурыг авах ажлыг зохион байгуулж чадахгүй талаар Эрүүл мэндийн яаманд мэдэгдсэнээр миний бүх зовлон эхэлсэн юм! Бүтэн сар яамны бүх дарга нарт үүрэг даалгавар биелүүлдэггүй, цар тахлын үед хариуцлагагүй ажиллаж байна гэж чичлүүлсэн ч авах боломжгүй гэдэг байр суурин дээрээ хатуу байсны үр дүнд шаардлага хангаагүй энэ оношлуурын худалдан авалтыг зогсоож сайн чанарын Солонгос оношлуур үйлдвэрлэгчээс нь авах ажлыг зохион байгуулж чадсан юм. Мөн эмийн чанарт хяналт тавих байгууллага худалдан авалт хийх ёсгүй гэдэг зарчмаа тавьсаар дахин тендер зарладаг ажлыг бас болиулж чадсан юм.
САЙДТАЙГАА ЗАРГАЛДСАН НЬ:
Гэсэн ч оношлуурын нөөц тасалсан гэж улсын онцгой комиссын хурал дээр гүтгүүлж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар сануулах арга хэмжээ авахуулсан байсан. Үүнийгээ 10 хоногийн дараа мэдэж, энэ тушаалыг хүчингүй болгох талаар шүүхэд гомдол гаргаснаар сайдтайгаа заргалддаг “тэнэг хүүхэн” гэдэг нэр зүүж нөхцөл байдал улам хэцүүдсэн билээ. Хэдэн сарын турш бүх төрлийн байгууллагуудын “үнэлгээ” нэртэй шалгалтанд шалгуулж, нэг шалгалтын багаас дараагийн шалгалтын баг хүртэл шалгагдаж, “эрх мэдэлтнүүдийн дарамт”-ыг утгаар нь мэдэрсэн. Дээрээс нь нэг эмнэлэгт, нэг эмийн санд, нэг эм тасарвал чиний албан тушаалтай ярина гэдэг сэтгэл зүйн дарамт бол өдөр бүр байдаг байлаа. Хил хаалттай, тээвэр гацсан энэ үед тасалдаж буй эмнүүдээ олон орнуудаас олж ирэх гэж олон төрийн байгууллагуудтай холбогдож, эм ханган нийлүүлэх компаниуд болон холбоодтой хамтарч, өдөр шөнөгүй ажиллаж, онгоц буух өдөр бол ажил дээрээ хонож зохицуулдаг байлаа.
ХҮҮХДҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТОГЛОХ ГЭСЭН ОРОЛДЛОГЫГ ЭСЭРГҮҮЦСЭН:
2. Дарга нарын дургүйг хүргэсэн хамгийн гол асуудал нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд 2021 оны зун үйлдвэрлэсэн хүний цуснаас гаргаж авсан иммуноглобулины асуудал байлаа. Ковидын вакцин хийлгээгүй 12 нас хүртэлх хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан тарихаар Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгсөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд үйлдвэрлэсэн иммуноглобулиныг эмийн бүртгэлд бүртгэх үүрэг өгөгдсөн байсан. Үүнийг нарийн судлаад үзэхэд эдний үйлдвэрт үйлдвэрлэсэн хүний цуснаас, хуучирсан арга технологийн дагуу гаргаж авсан иммуноглобулин нь химийн хэд хэдэн үзүүлэлтээр шаардлага хангаагүй, тарих зориулалттай бэлэн бүтээгдэхүүнд нь В болон С гепатитын эсрэг бие илэрсэн, эмээ бүртгүүлээгүй, ямар ч зөвшөөрөл аваагүй байж ковидтой өвчтөнд тарьж, эрүүл мэндэд нь ноцтой #эрсдэл_учруулсан асуудал гарсан байсан тул хүний эмийн зөвлөлөөр хэлэлцүүлж энэ иммуноглобулины үйлдвэрлэлийг зогсоож зах зээлээс эргүүлэн татах шийдвэр гаргасан ‼‼‼ Биобэлдмэл үйлдвэрлэнэ гэж улсаас их хэмжээний хөрөнгө оруулалт авсан юм билээ. Үүний дараа #Засгийн_газрын ажлыг эсэргүүцсэн гэж маш их дарамт шахалтанд орж ажлаас халагдах гол шалтгаан болсон юм. Харин намайг халсаны дараа энэ иммуноглобулиныг үйлдвэрлэсэн хүн өөрөө миний оронд эмийн агентлагийн даргаар томилогдож ирээд #шаардлага_хангаагүй тариагаа бүртгэсэн байна лээ
Энэ бүх дарамт шахалтын дүнд нойргүй, ходоодны шархлаатай болж яг нэг жилийн өмнө амралтын өдөр ажил дээрээ нүдэнд цус харван ухаан алдаж унаад эмнэлэгт хэвтсэн. Энэ үед эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц тасалдуулсан, хариуцлагагүй ажилласан тул ажлаас чөлөөлөв гэж сошиалаар сэвсэн ч яг тэр үед бол ямар нэгэн ам тариа тасалдаж, хэн нэгний эрүүл мэндэд эрсдэл учруулах нөхцөл үүсээгүй л байсан.
Гэвч ямар ч дарамтанд орсон, тангараг өргөсөн эмч хүний хувьд, төрийн албан хаагч хүний хувьд төрийн, хувийн, хэн ч үйлдвэрлэсэн, хүний, ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд хожим ямар аюул эрсдэл учруулахыг үл мэдэх бүтээгдэхүүнийг бүртгээд хэн нэгний бяцхан үрд хийх зөвшөөрөл олгоод, өвчин зовлонгоор мөнгө олж шаардлага хангахгүй юм шахдаг дарга нарын гар хөл болоод ажил албан тушаалтай үлдэж байснаас ажилгүй байсан нь дээр гэсэн өөрийн зарчим, үнэт зүйлдээ үнэнчээр үлдсэн. Хий гэснийг нь хийгээд, долигоноод, нүдээ аниад яв л даа, ингэж байж л бүх дарга нар албан тушаал дээрээ тогтдог шүү дээ гэсэн нөхөрсөг зөвлөгөөнөөс үнэхээр залхсан. Харин ажлаас халагдсандаа өнөөдрийг хүртэл би өчүүхэн ч харамсдаггүй. Монгол төрийн босго, эрүүл мэндийн салбарын босго өндөр байгаасай, хүн ардын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч хүмүүс салбарт минь ажилладаг байгаасай гэж үнэхээр их хүсдэг” гэв.
https://www.facebook.com/tsetsegsaikhan.batmunkh?mibextid=LQQJ4d