Сүүлийн үед сошиал эр эмгүй, хөгшин залуугүй сээр цохих трэнд дэлгэрсэн. Гэтэл энэ нь гар хуруугаа тайрах эрсдлийг нэмэгдүүлж, эмч нарт багагүй хүндрэл бэрхшээл үүсгэдэг талаар ГССҮТ-ийн гар, сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид дараах зөвлөгөөг өгчээ.

Тэрбээр “Сээрний ясыг гараараа цохих нь шууд утгаараа, ясыг ясаар цохиж байгаа хэрэг. Мэдээж аль нэг яс нь хугарна. Сээрний яс хугарах нь хэнд ч хамаагүй, үр өгөөжгүй. Харин тухайн хүний өөрийнх нь яс хугарвал хохиролтой. Мөн зөөлөн эд гэмтсэнээр хаван, хавдар үүсэж нян бактери бий болно. Үүнээс болж гараа тайруулах ч эрсдэлтэй. Ямар нэг гадны шалтгаангүй, зүгээр байж байгаад энэ мэт өөрийгөө гэмтээж хохирох, эмч нарын ачааллыг нэмэх нь асуудал дагуулж байна.
Зарим залуус “Өөрийнхөө гараар юу хийх нь өөрт чинь хамаагүй. Эмчилж эдгээх нь чиний хийх ёстой ажил” гэсэн байдлаар хандах нь бий. Гэхдээ ямар ч ач холбогдолгүй зүйлээс болж өөрийгөө гэмтээхгүй байгаасай, өөрийгөө бүү хохироогоосой гэсэндээ л эмч нар сэрэмжлүүлэг, зөвлөмж өгдөг юм шүү” хэмээжээ.

