Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Олбол алдаж болохгүй үнэт зүйл гэж байдаг
Папарацци

Олбол алдаж болохгүй үнэт зүйл гэж байдаг

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/21/2023Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хайрын тухай яриа ханашгүй зүүд мэт үргэлжилнэ. Ханашгүй тэр зүүдэнд хан хөвгүүн, хатан гүнж зүггүйтнэ. Амьдрал юм хойно алдаа оноо, аваа өгөө ээлжилнэ. Ухаан сууж, уужуу сэтгэж гэр бүлээ аваад явчих эрийн тэнхээ, бүсгүйн тэвчээр төлөвштөл юм юм л болно. Гэвч эцсийн эцэст элэг бүтэн гэр бүл л энэрэл хайрын орчинг бүрдүүлэх ажээ. Ийм гэгээн уянга “Хайр…байдаг” тоглолтын турш бодол санаанд ботгоны буйлаан шиг гэгэлзэж гэрэлтэж байв даа.

Хөгжмийн зохиолч, дуучин А.Анхбаяр, дуучин Б.Чанцалдулам хоёрын “Хайр…байдаг” кино концерт UB Palace-ын их танхимд нүргээнтэйхэн болов. Нүргээнтэй гэхээсээ сонирхолтой, өвөрмөц, агууламж өндөр болсон гэвэл илүү зохилтой мэт санагдана. Учир нь энэ тоглолт гэр бүлийн хүрээнээс хальж урлагийн тайзнаа урласан уран бүтээлийн дээж, шинэ эрэл хайгуулын олз төдийгүй омогшил байсан юм. Уран бүтээлийн үнэний шалгуур нь цаг үе мөн боловч тэр нь тухайн уран бүтээлчийн тархинд бүрэлдэж тайзнаа амилж цаг үеийн цатгалан, цамаан занг сөрөн зогсч бараан үүлсийг хөөж бардам үгээ хэлж чадаж гэмээ нь эцэс төгсгөл үгүй эрлийн замд тэсч үлддэг нь тодорхой юм.

Гэр бүлийн хос залуус маань “эвийн ганц дэр болов хоёулаа, энгэрийн гоё зүүлт болов хоёулаа” гэж зүгээр нэг дуулсангүй. Тэр нь “жаргалын ганц хань, жамын эрх амь” гэгч элэг бүтэн гэр бүлийн эвийн гагнаас, эвлэрлийн гангараа, идэр залуусын ээнэгшил мөн болохыг өгүүлнэ. “Хайр…байдаг” тоглолтын нийгэмд хандсан гайхалтай мессеж нь гэр бүлийн үнэ цэн, өнөөгийн эмзэглэл, бодит байдлыг хөндөж ялангуяа залуу үед өөрсдийн амьдралаар сэдэвлэн үнэнийг өгүүлсэнд оршино. Тэд өөрсдийнхөө гэр бүлийн үнэ цэнийг тодорхойлж, нэгэнт болоод өнгөрсөн салалтын шалтгаан нь архидалт, биеэ тоох өвчин байсныг хэрхэн гэтлэн туулснаа энд эргэцүүлж хайрын мөн чанар нь эв эеийн уучлал мөн болохыг сүлдлэн, сүсэглэн дуулж байна. Энэ бол концертын агуулгын өгүүлэмж юм. Харин түүнээ илэрхийлсэн хэлбэр, зохиомж, сэтгэлгээ нь өвөрмөц.

“Хайр…байдаг” тоглолт хоёр үндсэн шугамаар зэрэгцэн өрнөнө. Нэг нь дэлгэцнээ гарах бодит амьдралаас сэдэвлэсэн киноны үйл явдал, нөгөөх нь хоёр дуучны сонгон дуулж буй дууны сэдэв, сэдэл, сэрэхүй юм. Энэ хоёр шугам нэг нэгнээ нөхөж, тодолж арга билиг, алганы ар өвөр шиг нэгдэн нийлнэ.

Кинонд Анхбаяр, Чанцалдулам хэмээх хоёр залуугийн хайр сэтгэлийн тухай өгүүлнэ. СУИС-ийн дуулаачийн ангийн оюутан болоход тэдэнд амар хялбар байсангүй. Аав нь урлагийн хүн болоход дургуй байхад ээж нь “Миний хүү дуртай мэргэжлээ сонго. Юу ч болсон тууштай бай” гэх үг урам нэмнэ. Энэ мэт зөрчил дундуур тэр хоёр СУИС-ийн оюутан болж байна. Киноны энэ хэсэгт Чанцалдулам “Аавыгаа санаад дуулахаар”, Анхбаяр “Ээжийнхээ хайраар” дуугаа дуулна.

Анхбаяр, Чанцалдулам хоёр СУИС-ийн шатаар өгсөх уруудахын завсар зөрнө. Энэ бол хувь заяаны зөрлөг байж. Тиймээс “бурхан заяасан сэтгэлийн чинь сайхныг бусниулахгүй, сарниулахгүй жаргаана” гэж хослон дуулж байна. Дэлгэцнээ үйл явдал өрнөж цаасан шувуугаар Анхаагаас “хоёулаа уулзъя л даа”, “зөвшөөрчих л дөө” гэх мэт гэнэн цагаан үг нисэн ирж Чанцалын хананд “өндөглөж” өлгөгдөнө. Түүний тодотгол болж “хайрлаарай, хамгийн нандин аялгууг хайрлаарай” гэж усан цэнхэр даашинзат бүсгүй улаан даашинзат охидтой бүжиж “Хайрын зөн”-гөө дуулах нь бэлгэдэл мэт үзэгдэнэ.

Бүсгүй хүний бардам зангаар дэрвэж буй залууг үл тоох авч “танай найз Анхаа чинь хайчив” гэх асуулт үгүйлэн санахын хариулт мэт сонсогдоно. Гэвч “хайр байдаг харагдсаар байдаг, хайлан уусаад адилхан болдог” гэх энэ тоглолтын сүлд дууны санаа бодит амьдрал болон хувирч “Мөнхийн хайр” дуугаа хослон дуулна. Хайр гэгч мөнхийн усан мэт мэлтэлзэнэ. Хорвоо гэгч хос жигүүрэндээ хүчтэй аж. Хос хоёр гэр бүл болж айлын хажуу өрөөнөөс амьдрал эхэлнэ. Хорвоог тойрох мэт хот тойрон нүүнэ. Сайхан хайрын гэгээн учрал “тэр л хэвээрээ” үргэлжилнэ. Гэвч ая зохиогч “алтан туурайт ажнай” мэт “Аархал”-д автаж архинд толгой мэдүүлнэ. Зөрчил эндээс үүдэн үүсч салж сарнихдаа тулна. Тулна ч гэж дээ сална.

Сайн бэрийнхээ халамжаар өвчнийг гэтэлж өндийж боссон хадам ээж “Миний хүүг уучлаарай. Эр хүн нэг хазгай гишигвэл удаан босдог. Эргээд ирэхэд нь тосоод аваарай” гэнэ. Хүүдээ ч бас “Миний хүү архи дарсаа боль. Эхнэр хүүхэддээ оч” гэнэ. Дөрвөн жилийн дараа тэд ийнхүү эргэн нийлнэ. Тиймээс “дутуу илүүгүй тавиланд минь дурлаж учирсан чамайгаа дуулим хорвоогийн оддын дор дууланхан хүлээе дээ, ай хөөрхий” гэж дуу алдаж байна. Бүсгүй “хань болгон намайгаа хайрласан хархүү чамайг гомдоохгүй, итгэ дээ наддаа” хэмээн “хөөрхөн л юм чинь хөөрхөн сайхнаа” гэж уяран хайлна. Үзэгчид “миний ээж сайхан ээж мяндас зөөлөн уян ээжий”, “халуун хүйтнийг халгаж туулахад хажууд хэн маань түшдэг билээ” гэж түрэн дуулах нь “өдрийн ховор од болов хоёулаа, өнөр гоё айл болов хоёулаа” хэмээн тунхаглах ”Хайр…байдаг” кино концертын тайлал мэт ажээ. Үнэхээр л “багын минь хань чамтай учраагүйсэн бол бардам их замыг яаж туулахсан билээ” гэх “Ханьдаа дуулах дуу” эгшиглэх нь аргагүй нийцтэй санагдаж байв.

Монголын дуу хөгжмийн урлаг ард түмний оюуны цангаа тайлах нэгэн гол дэвжээ болон хөгжсөөр байна. Тэр тусмаа концертын урлаг ямагт шинэчлэлийг хүсэмжилж, тэр өөрчлөлт дэвшлийн үрээр нийгмийн оюун санаанд эерэг нөлөө үзүүлэх нь бухимдлын бараан үүлс өдөр тутам нүүсэн энэ цаг дор сайныг урин залах нэн чухал хүчирхэг хөдөлгүүр нь гэж хэлж болно. Үүнийг зүгээр нэг аралжааны тоглолт, ая дууны цуврал цуваагаар аргацаасан халтар халтуураас салгаж ойлгох учиртай.

Жинхэнэ сэтгэл үнэртсэн, хөрөнгө зарсан, уран бүтээлч хандлага гэрэлтсэн тоглолтын тухай энд өгүүлж байна. Түүний нэгэн тод жишээ нь хөгжмийн авъяаслаг зохиолч, дуучин Алтангэрэлийн Анхбаяр, дуучин Болдбаатарын Чанцалдулам нарын “Хайр…байдаг” тоглолт гэж хэлж болно. Монголын концертын урлагт кино-концертыг анх туршиж дэлгэц, тайз хоёрыг нэгэн дор ихэрлүүлж, дууны дотоод хэм хэмнэлийг дүрсээр утгажуулж дүрээр урласнаараа “Хайр…байдаг” тоглолт шинэ амьсгал авчирлаа. Түүнд энэ мэт шинэ зүйл чамгүй шингэсэн. Үгүйдээ л гэхэд хөтлөгч үгүй концертыг анх удаа үзлээ. Хөтөч нь дуу, хөврөл нь кино байв.

Их зохиолч Ч.Лодойдамба “Сайхан хайр байдаг юм шүү, олбол гагцхүү алдаж л болохгүй” хэмээн нэгэнтээ дуун алдсан билээ. Энэ ухаарал сэхээрлийн үргэлжлэл нь “Хайр…бол” тоглолт болж чадав. Тиймээс тоглолтын төгсгөлд дуучин Б.Чанцалдулам “хүн бүхний сэтгэлд хайр байдаг” гэж хэлнэ билээ.

Хайрын тухай яриа ханашгүй зүүд мэт үргэлжилнэ. Олбол алдаж болохгүй үнэт зүйл гэж байдаг ажээ.

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Үржингийн ХҮРЭЛБААТАР

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.