М.Оюунчимэг УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдсон нэгэн. Тэрбээр 1988 онд Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр сургуулийг төгсөж, ОХУ, Ленинградын их сургуульд сэтгүүлч мэргэжил эзэмшжээ. Түүнчлэн 2008 онд АНУ, Оклахома мужийн Улсын их сургуульд, сэтгүүл зүйн мастер зэрэг хамгаалсан байна. М.Оюунчимэг англи, орос хэлтэй аж.
Тэрбээр ажлын гараагаа 1995 онд Монголын үндэсний телевиз, “ММ” агентлагаас эхэлсэн. М.Оюунчимэг 2009 он хүртэл тус газар ажилласан бөгөөд редактор, ахлах редактор, тоймч зэрэг албан тушаал хашиж байжээ.
Тэрбээр 2009-2012 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчийн ажлыг хийжээ. Түүнчлэн 2013-2015 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн ажлын албанд зөвлөх, 2013 онд Монгол ардын намын Нарийн бичгийн дарга, 2015 онд“Монголын мэдээ” агентлагийн захирлаар ажиллаж байв. 2016 оноос Монголын хөгжлийн стратегийн хүрээлэнгийн УЗ-ийн гишүүний үүргийг гүйцэтгэж байгаад УИХ-ын сонгуульд анх удаагаа дэвшин ялалт байгуулжээ. Мөн 2020 онд дахин нэр дэвшин парламентад сонгогдоод байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн жилийн орлого 28 сая 649 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийнх нь орлого 196 сая 594 төгрөг ажээ. Тэрбээр 870 сая төгрөгний хоёр нийтийн орон сууцтай бөгөөд 128 сая 250 мянган төгрөгний авто машинуудтай хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 440 сая 385 мянган төгрөг бол 198 сая 095 мянган төгрөгийн зээлтэй гэжээ. Тэрбээр “Эрдэнэс таван толгой” ХК, “Монси солюшн” ХХК, “Интеркорн-Машинери” ХХК-аас хувь эзэмшдэг байна.