Улс төр судлаач мэргэжилтэй Ц.Мөнхцэцэг гишүүнийг УИХ-д сонгогдоход улс төрийн намуудыг шинэчлэх үйл хэрэгт дорвитой ажил хийх болов уу гэсэн горьдлого тээсэн хүн олон. Гэтэл УИХ-аас өнөөдрийг хүртэл Улс төрийн намын тухай хуулийн төслийг шинэчлэн батлаагүй л байна. Тэрбээр Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж буй юм.
Улс төрийн намын тухай хуулийн төсөл УИХ-д өргөн баригдвал Ц.Мөнхцэцэг гишүүний хувьд хэр чамбай профессор вэ гэдгээ дүгнүүлэх бас нэгэн шалгалт болно. Учир нь, УИХ-д өргөн мэдүүлэгдэж байгаа хуулийн төслийн боловсруулалт муу байгаагаас бөөс хуурсыг нь түүх том ажил гишүүдэд ногддог болсон. Эргээд УИХ чанаргүй хуулиуд баталж байна гэх шүүмжлэлийн бай болох нь ч бий. Тиймээс шинэ гишүүн улс төр судлаач мэргэжлээр 10 гаруй жил суралцаж, профессор цол хүртсэнийхээ эрдмийг энэхүү хуулийн төслөөр гаргах учиртай. Чамбай хуулийн төсөл боловсруулагдсан байвал “Цол нь ахадсан профессор” гэх тодотголоосоо сална.
Түүний ажлын намтрыг сөхвөл, УИХ-д сонгогдохоосоо өмнө Стратеги академийн захирлаар ажиллаж байсан байдаг.
Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан 2018-2019 онд зөвлөхөөр нь ажиллажээ.
Германы Кобленц Ландау их сургууль, АНУ-ын Охайо мужийн их сургуульд зочин судлаачаар ажилласан гэх намтартай Ц.Мөнхцэцэг гишүүний хувьд одоогоор бие даан санаачилсан хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлэгдээгүй байна.
Тэрбээр намтартаа англи, орос, герман хэлтэй гэж бичсэн байдаг. Хэрэв дээрх хэлүүдийг эзэмшсэн нь үнэн бол УИХ-д сууж байгаа цөөн гадаад хэлтэй гишүүний нэгд багтана.
Covid-19 цар тахлын үеэр УИХ цахимаар хуралддаг байхад гэрээсээ оролцохдоо УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нь виртуал профайл тавьсан нь баригдаж, факталж байв.
Түүний энэхүү үйлдлийг олон нийт “Сүнс шиг алга болсон”, “Сонгогчдыг ингэж хуурч болохгүй, огцрох болзлоо хангалаа” гэхчлэн шүүмжилсэн.
Эл шүүмжлэлд тэрбээр “Гишүүд үг хэлээгүй үедээ виртуал болон цээж зураг тавих, эсвэл камераа хаах зэргээр чуулгандаа бүтэн өдрөөр оролцож байгаа. Би бага насны хүүхдүүдтэй тул өрөөнд орж ирж үймүүлэх, камерт орох явдал харагдаж байсан тул ийм арга хэрэглэсэн” гэх тайлбар өгсөн юм.
Төд удалгүй тэрбээр “охидод ариун цэврийн хэрэгслийг үнэгүй тараахыг хуульчлах хэрэгтэй” гэсэн асуудал хөндсөн нь бас л дуулиан шуугиан тарьж, “Энэ хүний элийрэл тэнгэрт тулах нь” гэсэн шүүмжлэлийн бай болгож байв.
Харин хамгийн сүүлд Хөгжлийн банкны сонсголын үеэр өөрийгөө намуухан дуутай нэгэн болохыг олонд таниулсан.