Монгол улсад элэгний В, Д вирустэй 450 мянга гаруй иргэн байдаг. Гэвч эдгээр иргэдэд уух эм, эмчилгээ байдаггүйн улмаас энэхүү өвчнөөр нас барах иргэдийн тоо нэмэгдсээр байна. Тэгвэл иргэд олон нийт элэгний вирусэд уудаг Бюлервиртид эмийг импортоор оруулж ирэх хүсэлтийг засгийн газарт хүргүүллээ.
Монгол улсын хувьд элэгний хорт хавдрын өвчлөлийн тоо бусад улс орноос харьцангуй өндөр байдаг. Тэр дундаа элэгний В вирустэй 300 мянга гаруй иргэн, түүний 150 мянга орчим нь В,Д вирус хавсарсан тохиолдолтой гэсэн оноштой байна. Тэгвэл өнөөдрийг хүртэл дээрх элэгний өвчлөлд уудаг Бюлервиртид эм монголд байдаггүй нь уг өвчнөөр нас барагчдын тоог улам нэмэгдүүлж байна гэж эмч мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Элэгний Д вирусын эсрэг дээрх эмийг 2018 онд судалж дуусгасан бөгөөд эмнэлзүйн зургаан судалгаа хийсний үндсэн дээр 300 орчим хүнийг эмчилжээ. Тэгвэл иргэд олон нийт болон эрүүл мэндийн салбарын зарим мэргэжилтнүүд дээрх эмийг монголд импортоор оруулж ирэх санал хүсэлтийг засгийн газарт хүргүүлээд байгаа юм. Ингэснээр олон мянган элэгний вирустэй иргэдийг эмчлэх боломжтой гэж үзжээ.
“Элэгний В,Д вирустэй тэмцэгчид” ТББ-ын тэргүүн С.Дэлгэрмаа : Элэгний Д вирусийн эсрэг энэхүү эмийг аль ч насны хүн өөрийнхөө өвчний үе шатаас үл шалтгаалан уух боломжтой гэнэ. Иймээс иргэд олон нийт болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд энэ оны хоёрдугаар хагас гэхэд тус эмийг импортоор оруулж ирэхийг засгийн газраас шаардаж байгаа юм. Мөн импортоор оруулж ирэхдээ эрүүл мэндийн даатгалд хамруулах, хөнгөлөх зэргийг давхар хэлэлцэх юм байна.
Б.Мөнхжаргал