Хоёр жил хаалттай байсан БНХАУ-ын хил нээгдээд удаагүй байна. Гэвч цар тахлын тоо урд хөршид өдөр ирэх бүр нэмэгдсээр байгааг ХӨСҮТ-ээс мэдээллээ.Монголын уламжлалт сар шинийн баяр ойртож байгаа энэ үед иргэд гарын бэлэг өгөх, бизнесээ дээшлүүлэх зорилгоор урд хөршийг зорих нь нэмэгдэж байгаа учраас ковидын вакцинаа хийлгэж, мөн амны хаалтаа тогмол зүүж зорчихыг анхаарууллаа.
БНХАУ-д сүүлийн 24 цагт 19,000 гаруй коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн долоо хоногт 122,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Шинээр батлагдсан тохиолдол нь өмнөх долоо хоногоосоо 25%-аар буурсан мэдээлэл байна. Гэвч урд хөршид Омикроны BA.5 хувилбар давамгайлж байгаа бол бусад хувилбар ч тодорхойлогдож байгаа гэх мэдээлэл байна.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: Хил нэвтрэхийн тулд монголчууд 48 цагийн дотор ПСР шинжилгээ өгч, зөвхөн сөрөг хариутай Эрээн хотод нэвтрэх бол Хятад талаас нэвтрэх хүмүүс зөвхөн асуумж бөглөж хил нэвтэрч байна. Үндсэндээ Хятад талаас монголчуудад сөрөг шинжилгээний хариутай байх, шинжилгээний бичгээ биедээ байнга авч явах шаардлага тавьж байгаа бол Монголын талаас тодорхой шаардлагагүй асуумж бөглөж нэвтрүүлж байгаа нь эрсдэл дагуулж болзошгүй юм.
Б.Мөнхжаргал