Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс лавлагаа шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд туршилтын нэг сарын дараагаас бүрэн хэрэгжүүлж эхлэх юм.
Үүний тулд ЭМЯ-ны зүгээс 13А маягтыг цахимаар солилцоход шаардлагатай платформыг бэлэн болгох үүргийг хүлээсэн бөгөөд энэ хүрээнд E-Health, E-Hospital программуудад 13А маягтыг цахимаар солилцоход шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг хөгжүүлж дууссан байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс 13А маягтыг цахимд шилжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгоход анхаарч тодорхой асуудлуудыг шийдвэрлээд байгаа. Цаашид хоёр яам хамтарч эрүүл мэндийн салбарын цахимжилтыг бүхий л түвшинд амжилттай хэрэгжүүлэх замаар иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүндрэл бэрхшээл, түвэг чирэгдэлгүй үзүүлдэг болохыг зорьж буй юм.