Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь хориг тавихаар болсон. Энэ талаар Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар мэдээлэл хийсэн.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь хориг тавих болсон үндэслэлүүдийг танилцуулав.
1. Энэ хуулийг УИХ-д 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн. Хэлэлцэж эхэлснээс хойш хоёр хоногийн дотор баталсан. Энэ нь иргэд, олон нийтийн оролцоог хангаагүй. Ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдийн саналыг аваагүй нь Үндсэн хууль зөрчиж байна.
2. Хүний эрхтэй холбоотой хуулийг батлахдаа олон нийтийн оролцоог сайтар хангаж, тодорхой хэлэлцүүлгийг зохион байгуулж хууль дээдлэх суурь зарчимд нийцүүлэх ёстой.
3. Ерөнхийлөгч хуульд хориг тавих бүрэн эрхтэй. Ерөнхийлөгчид энэ хуулийг нэгдүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн. Хүлээн авсан өдрөөс хойш таван өдөрт багтаан хориг тавих зохицуулалттай. Хоёр сарын 1-ний өдөр хориг тавих хугацаа дуусаж байгаа. Тэгвэл энэ хуулийн дагаж мөрдөх хугацааг хоёрдугаар сарын 1-ний өдөр буюу Ерөнхийлөгчийн хориг тавих эрхэд халдах байдлаар уг хуулиудыг зохицуулсан байна” гэлээ.