Хүүхэд байхад л цэнхэр дэлгэцээр дуучин У.Далантайтай хоршин “Сайхныг тань харангуутаа дурласан юм, Сэтгэлийг тань танингуутаа итгэсэн юм…” хэмээн дуулж байсан С.Эрдэнэцэцэг гавьяат өдгөө 54 настай.
20 насны босгон дээр дээрх “Сэтгэлийн үг” дууг дуулж анх олонд танигдсан түүний ганц хүү ээжийгээ дуучин бүсгүйг эмээ болгоод хэдэн жилийн нүүр үзэж буй. Гэвч эрхэм дуучны маань гоо үзэсгэлэн улам тодорч, “мөнхийн залуу” хатагтай нарын нэг болжээ.
Түүний хувьд дуулахаас гадна муугүй жүжигчин гэдгээ 1990-ээд оны эхээр баталж, Тэрээр чамгүй жүжигчин. Монголын уран сайхны “Би эндээс явахгүй”, “Эргүүлэг” зэрэг хэд хэдэн киноны дуу дуулж, “Догшин хутагтын сахиус” киноны Мядаг, “Хааны сүүлчийн хатан” киноны хатан зэрэг киноны дүрийг амжилттай бүтээсэн.
“Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, “Сүнжидмаа” дуулалт жүжгийн Дэжид зэрэг гол дүрд тоглож, “Нарны домог”, “Бөртэ чоно” зэрэг бүжгийн жүжгүүдэд жүжиглэсэн байна. Мөн чуулгынхаа томоохон уран бүтээл болох “Монгол түмний дуулал 1, 2”, “Монгол түмний ая эгшгийн зээ нийлэх найр” зэрэг олон концертод “Дөрвөн цагийн тал”, “Дэлхий минь, хүмүүс минь”, “Насны хань” зэрэг 150 шахам дууг чадварлаг гоцлон дуулсан түүнийг папараци дурандаа онцолж байна.
Сонирхуулахад, С.Эрдэнэцэцэг гавьяат 2004 онд Улаанбаатар хотноо болсон “Зууны манлай уртын дууч” Ж.Дорждагвын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан уртын дуу дуулаачдын олон улсын наадмын тэргүүн шагнал алтан медаль, ОХУ-ын Улаан-Үд хотод болсон уртын дуу дуулаачдын олон улсын наадмаас тэргүүн шагнал Гран при хүртсэн чадварлаг дуучин юм.
Түүнийг 2005 онд Монгол улсын гавьяат жүжигчин цолоор шагнасан юм.