Дэлхийн урлаг, соёлын академийн байнгын гишүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо папараци дурандаа онцолж байна. Түүний хувьд түүх соёлыг дэлгэрүүлж, өөрийн бүтээлдээ онцгойлон буулгадаг нэгэн.
Одоогоос 8 жилийн өмнө Төрийн дээд Чингисхаан одонгоор шагнуулж байсан эл хүмүүн “-Монгол бол энэ бөмбөрцөг дээр хүн төрөлхтний соёл иргэншлийн уугуул нэг гал голомт мөнөөс мөн. Чингис хаан түүхэн шалгуурыг даван гарч олон үеийн турш бий болгосон энэ буурин дээр анхны төрт улс Монгол хэмээх их эзэнт гүрнийг байгуулсан болохоор хамгийн том утга агуулга давхацсан өдөр болж байна.
Энэ өдрийг монголоороо, үндэс угсаагаараа, хэл соёлоороо бахархах өдөр гэж хэлж болно.
Эх сайхан нутаг, түүн дээр үлдсэн түүх соёлын арвин их дурсгал, тэр дотор Чингис хааны маань төрийн бичиг болгож дээдэлсэн монгол бичиг, үндэсний хэлээр бид бахархахгүй юм бол юугаараа бахархах юм бэ. Монгол хэлээр бүтээгдсэн “Монголын нууц товчоо”-ноос эхлээд агуу их туульсууд бий.
Түүнээс нааших бичгийн мэргэдийн бүтээсэн түүх, утга зохиол, яруу найргийн их өвийг бид уншиж судлах бүрийдээ бахархаж байдаг юм.
Өнөөдрийн хэт их мэдээлэлд цадсан эрин зуунд даяаршиж байгаа үед өөрийн үндэсний бахархлыг үе үе сануулж байх нь чухал юм даа” хэмээн ярьж байсан удаатай.