Агваанлувсанчойжинямданзанванчүг /1869-1924 /
Наймдугаар богд нь 1869 он 10 дугаар сарын 13-нд Төвдийн Лхаст түшмэл Гончигцэрэн эх Ойдовдулам нарын дөрөвдүгээр хүү болон мэндэлжээ. XII Далай лам Принлэйжамц Банчин богд Дамбийванчүг нар түүнийг Халхын ҮШ богд хэмээн тодруулж равжун сахил хүртээн Агваанлувсанчойжинямдан занванчүг хэмээх алдрыг хайрлажээ.
Манж чин улсын хаан Бүрэн засагчийн үед монголд залж 1874 онд буюу билгийн ХҮ жарны хөхөгчин гахай жилийн өвлийн тэргүүн сард Их хүрээнд Халхын наймдугаар богдод өргөмжилж даншиг мандал, хэргэм цол, эрх ямбыг өргөжээ. Номын багшид ёнзин Ари брүлгү Хайдавданзанчойжиням, Гачин Балданчойнбэл, ёнзин Лувсанхаймчиг нарыг залж судар тарнийн номын рашаан хязгааргүйг хүртжээ. Наймдугаар богдын ёнзин багш гэж алдаршсан Балданчоймбэл, Лувсанхаймчиг нар нь Их хүрээний хамба Номун хан байв.
Богд гэгээн 1908 онд Гунгаачойлин дацанд гавжийн дамжаа барьж гавж мяндаг цолтой болсон бөгөөд 1910 онд Их хүрээнд буддын гүн ухаан судлах Сэра игчааны дагуу Идгаачойнзинлин дацанг, 1912 онд Жанрайсиг дацанг байгуулжээ. Мөн 1910 онд ҮШ богдын зарлигаар Их хүрээнд хүрээ барын Ганжуурыг бүрэн хэвлэж хэвлэлийн ерөөлийн үгийг бичиж байжээ.
1911 оны цагаагчин гахай жилд Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж ҮШ богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын 1911 оны 12 дугаар сарын 16-нд тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм. Тэрээр 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан манлайлж, Манжийн дарлалаас салгаж, тусгаар улс болгож чадсан, нийт монголчуудын оюун ухааны их удирдагч байсан юм.
Богдыг хаанд өргөмжилсөн энэ өдрөөс “Олноо өргөгдсөн” хэмээх шинэ он тоололтой болжээ. ҮIII богдын санаачлагаар Өндөр гэгээнии зохиосон Соёмбо үсгийг 1911 онд төрийн туг.далбаанд хүндэтгэлтэйгээр оруулсан байна. Өндөр гэгээн айлдахдаа: “Миний хувиршгүй номын үсэг замбутивийг бүрхэнэ” хэмээн айлдсан гэдэг.
Монгол оронд өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн нь хувьсгалт үйл явц болон өрнөж улмаар 1921 онд хаант төрийг халж ҮШ богдыг хэмжээт эрхэт хаанд өргөмжилсөн байна. Монголчуудын эв нэгдэл, тусгаар тогтнол, төр, шашны төлөө тэмцэгч ҮШ богд гэгээн ХҮ жарны хөх хулгана жил буюу аргын 1924 онд 56 настайдаа таалал төгсчээ. ҮШ богдын гайхамшигт ид шидийн тухай ард түмний дунд яригдан үлдсэн олон жишээ дурдаж болно.
Нэг жишээ дурдвал: 1920 онд Гамин хүрээг эзэлж Богдын ногоон ордныг их буугаар галлаж байхад Богдын ногоон ордон огтхон ч сүйдэж гэмтээгүй байна. Үүнийг богд гэгээний залбиралын ач гэж өдгөөг хүртэл дурсан ярьцгаадаг. ҮШ богдын сургаал, магтаал, залбирал, бясалгал, лүндэн зэрэг зохиол бүтээлүүдээс бүрдсэн нэг боть ном байдаг ажээ.