Нүүрсний гэх хэрэгт олон жилийн турш нэр холбогдож буй УИХ-ын гишүүн, “Ажнай корпорац” ХХК-ийг үүсгэн байгуулагч, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнийн хилээр гарах эрхийг нь хязгаарлах захирамж шүүгч баталжээ.Түүнийг энэ сарын 1-нд яллагдагчаар татах тогтоол баталсан бөгөөд өнгөрсөн даваа гарагт уг тогтоолыг Д.Бат-Эрдэнэд танилцуулж, гарын үсэг зуруулсан байна. Мөн өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал НПГ-аас хүргүүлсэн аж. Уг саналыг нь өчигдөр хэлэлцээд прокурорын саналыг үндэслэлтэй гэж шүүгч дүгнэн дээрх захирамжийг гаргасан аж. Өмнөговь аймгаас удаа дараа хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон Д.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 17.4-2.1, 17.4-2.2-т заасан “Албан тушаалаа ашиглаж их хэмжээний хохирол учруулан эд хөрөнгө завшсан” үндэслэлээр яллагдагчаар татаад буй. н, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж буй юм.
Тодруулбал, 2012-2016 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, өдгөө Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарт нөлөөлж 323 900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн. “Тавантолгой”, “Тавантолгой транс” компанийн хувьцааг эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж орон нутгийн өмчит дээрх хувьцаат компанид 18.4 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулан, хөрөнгө завшихыг удирдан зохион байгуулсан хэрэгт буруутгаж буй билээ. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн холбогдсон үйлдлийг Р.Сэддорж, Б.Түвшинбаяр, Г.Шүрэнхишиг, “Тавантолгой транс” компанийн захирал, Монголын морин спорт, уяачдын холбооны дэд ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Дагвадорж нарт холбогдох хэрэгтэй нэгтгэн шалгаж, хоорондоо уулзахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ.
Тэдэнд холбогдох хэргийг шалгах явцад орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хөрөнгө завшсан үйлдэл илэрч, нэгтгэн шалгаж буй аж. Эл ХК-ийн тооцооны нягтлан бодогч Д.Мөнхнасан, Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал бөгөөд ерөнхий инженерээр ажиллаж байгаад Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын захирал болсон П.Мөнхтуул, Төлөвлөлтийн ахлах инженер Ж.Мягмардорж нарыг хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан болон удирдлагаас өгсөн шийдвэр хууль бус гэдгийг мэдсээр байж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж улсад 11.4 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татаад байна. Улмаар тэдэнд албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар НПГ-аас Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд санал хүргүүлснийг өчигдөр хэлэлцээд хэрэг хянан шийдвэрлэж дуустал мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, тэднийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн өмчит “Тавантолгой” компанид эрх бүхий албан тушаал хашихыг 12 сарын хугацаагаар түдгэлзүүлж, улсын хилээр гарахыг нь хязгаарлав.
Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийн цагдан хорих хугацаа дууссантай холбоотойгоор таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, эсэхийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хэлэлцэж, дахин 30 хоног хорьж шалгахаар болов.