Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж буй О.Батжаргалыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хэргийг нь хүргүүлжээ.
Тэрбээр Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр томилогдсон ч албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон аж. Тодруулбал, О.Батжаргал 2020 оны долдугаар сард А/320 дугаартай захирамж гаргаж, Засаг даргын 2020 оны А/194 дугаартай захирамжийг хүчингүй болгосон юм байна. “Арвайхээр цэцэрлэгжилт” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлээс 7000 ам метр талбайг “Алтан жолоо трейд” гэж компанид олгосон байсныг А/194 дугаартай захирамжаар хүчингүй болгосон байж.
Гэтэл О.Батжаргал уг захирамжийг нь хүчингүй болгосноор “Алтан жолоо трейд” компанийн удирдлагад давуу байдал бий болгож, эрх мэдлээ урвуулсан хэрэгт шалгуулах үндэслэл болжээ.