Эрүүл мэндийн салбар дахь ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх хүрээнд Харвардын их сургуулийн “Эрүүл мэндийн салбар дахь манлайлал” сэдэвт Зүүн өмнөд азийн бүсийн тэтгэлэгт хөтөлбөрт Монгол улсын Эрүүл мэндийн салбарын залуусыг хамруулах ажлыг Эрүүл мэндийн Дэд сайд С.Энхболдын санаачлагаар 2022 оноос судалж, улмаар НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлэхээр болсон билээ.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд дээрх тэтгэлэгт хөтөлбөрийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зарласны дагуу шалгаруулалтад 265 эмч, мэргэжилтнүүд материалаа өгсөн бөгөөд, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 20 залууг шалгаруулжээ.
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оролцогчдыг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд өнөөдөр Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзан баяр хүргэв.
Тэрээр энэ үеэр “Эрүүл мэндийн салбар дахь ирээдүйн удирдагчдыг бэлтгэх Харвардын их сургуулийн “Эрүүл мэндийн салбар дахь манлайлал” сэдэвт Зүүн өмнөд азийн бүсийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн та бүгдэд баяр хүргэе. Эрүүл мэндийн салбарын ирээдүйн манлайлагчдыг тасралтгүй бэлдэж байх ёстойг бидэнд дэлхий нийтэд тархсан КОВИД-19 цар тахал ойлгуулсан. Иймд миний бие НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр монголын эрүүл мэндийн салбарын ирээдүйн удирдагчдыг бэлтгэх санаачилгын хүрээнд Харвардын Их Сургуулийн “Эрүүл Мэндийн Салбар дахь Манлайлал” сэдэвт Зүүн өмнөд Азийн бүсийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах ажлыг санаачилж хэрэгжүүлж байна.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд:
- Стратегийн удирдлага;
- Эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт;
- Санхүүгийн удирдлага болон тооцоолол;
- Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн удирдлага;
- Эмнэлгийн мэдээлэл технологи;
- Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал зэрэг эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай чиглэлүүдээр суралцахаас гадна, Эрүүл мэндийн яам болон НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс эх, хүүхдийн эрүүл мэнд, гүйцэтгэлийн санхүүжилт, практикт суурилсан дүн шинжилгээ хийх болон манлайллын чиглэлээр нэмэлт сургалт семинарыг зохион байгуулахаар болсон. Та бүхэн дараа дараагийн цар тахалтай тэмцэх эрүүл мэндийн салбарын манлайлагчид болох бөгөөд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.
Иймд та бүхэн хичээнгүйлэн суралцаж, сургалтаа амжилттай төгсөн эрүүл мэндийн салбартаа хувь нэмрээ оруулан ажиллаарай.” гэдгийн онцлов.
Тус хөтөлбөрийн хүрээнд таван жилийн хугацаанд “Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт 100 залуу манлайлагчид”-ыг бэлтгэх бөгөөд 2023-2024 онд эхний 20 манлайлагчдыг бэлтгэх юм.