Монголын ард түмний бишрэлийг төрүүлсэн их найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсан билээ.
Б.Лхагвасүрэн 1963 оноос Улсын хүүхэлдэйн театрт жүжигчин, зураач, туслах найруулагч, дарга, 1968 оноос Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх үлгэрийн танхимд жүжигчин, “Утга зохиол” сонин, Монголын радиод редактор, Соёлын яаманд мэргэжлийн зохиолчоор, 1990-1992 онд Монголын зохиолчдын эвлэлийн даргаар, 2009-2012 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооны даргаар тус тус ажиллаж байв. 1992-1995 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллахдаа соёл, урлагийн асуудлаар олон арван хууль, тогтоомжийг санаачлан батлуулсан юм.
Тэрбээр ”Ангир уураг”, “Хос уянга”, “Гашуун өвс”, “Сул асгарсан сувд” зэрэг шүлгийн түүвэр, “Тамгагүй төр”, “Хүйтэн сэнтий”, “Атга нөж”, “Үгүйлэгдсэн хайр” “Галзуу гурвалжин” зэрэг олон арван жүжгийн болон уран сайхны кино зохиолууд, сонсогчдын сэтгэл зүрхэнд мөнхөрсөн нийтийн шилдэг олон дууны шүлгийг туурвижээ.
Б.Лхагвасүрэн “Уянгын тойрог”, “Цагаан тэнхлэг” номоороо шинэ үеийн яруу найрагт ур чадварын гайхамшгийг харуулсан давтагдашгүй содон өвөрмөц урлах арга барил, хэлбэр агуулга, урлагийн гоо сайхан, гүн ухаан, сэтгэлгээний шинэчлэлт хийсэн нь түүнийг монгол түмний бахархал хүндэтгэлийг төрүүлсэн, олны хайртай яруу найрагч байсан юм.
Харин түүний үйл хэргийг үргэлжлүүлэх үүрэг С.Хабулд ноогджээ. Тэрээр “Бавуугийн Лхагвасүрэн” сангаа саяхан нээсэн ба “Хайр бол…” яруу найргийн үдэшт Хасар ахыгаа, хайртай өвөөгөө төлөөлөн очиж шүлгийг нь уншсан байна.