Сар шинийн баяртай холбоотойгоор иргэд олон нийт “үндэсний” гэх тодотголтой бүхнээ дэлгүүр хоршоо, худалдааны төвөөс цуглуулж буй. Гэтэл үүнтэй холбоотойгоор үнийн хөөсрөл зарим газруудад болж байна.

Тухайлбал, Хүчит шонхор худалдааны төвд хонины ууц 450-750 мянган төгрөг, ааруул 1кг нь 32 мянган төгрөгийн үнэтэй болж “галзуурав”. Үүнийгээ худалдаачид тайлбарлахдаа “Цаанаас ирж буй үнэ нэмэгдсэн” гэх үгээр ам таглана.
Үндэсний өв уламжлалаа авч үлдэхийн тулд байдгаа барих иргэд “наашаа харж инээн, цаашаа харж уйлах нь холгүй” худалдан авахаас өөр замгүй. Үнийн хөөсрөл, ченжийн амандаа орж ирсэн тоонд анхаарлаа хандуулж, “хандыг нь хага дарах” эрх мэдэлтэн ч алга.
Иргэдийн амжиргааны чадамж энэ жил бусад жилийнхээс доройтсон байгаа энэ цаг үед “үндэсний” бүтээгдэхүүн борлуулагчид ХҮН ЧАНАРТАЙ баймаар байна. Мөн үнийн хөөсрөлд Төрийн хяналт шалгалт хэрэгтэй байна.

