XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх туулай жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбартаа эрхэлсэн ажил, үр бүтээлээрээ амжилттай яваа эрхмүүдийг Төрийн одон, медалиар шагналаа. Энэ үеэр Төв аймгийн Баян сумын уугуул П.Энхмөнх Тод манлай уяач боллоо.
Түүний хувьд удам дамжсан уяач гэдгээрээ алдартай. Түүний аав Галбадрахын Пунцагбалжир агсан нь ММСУХ-ны анхны тэргүүн байв. Г.Пунцагбалжир агсны өвөг эцэг Лувсанчоймбол улсын нэрт уяач, шагай харваач хүн байсан. Тэрээр 1930-аад оны эхээр Цэргийн яамны хурдан морьдыг уяж улсын наадамд Унтаа хээр, Шарваа хээр морьдыг тус тус айрагдуулж, Г.Дэмид жанжнаас сайшаал магтаал хүртэж явсан гэдэг юм. Тэр цагт цэрэг, цагдаа цөм л агттай, адуутай, түүнээсээ уяж уралдуулдаг байсан юм билээ. Энэ хүн бүр 1960-аад он гартал морь уяж, хонгор голдуу адуугаар сайн наадаж, “дулаан” Дамдинжав /Нялга сум/, “улцан Дэндэв /Эрдэнэ сум/, Бүрэнгийн Цэндсүрэн, “хөндлөн” Дугарсүрэн /Баян сум/, Чүлтэм начин /Баяндэлгэр/, Донойдоогийн Галбадрах /Баянжаргалан/ зэрэг тэр үеийн нэрт уяачидтай ойр дотно нөхөрлөж явсан юм билээ.