Хэдхэн өдрийн зайтай орсон бороо үер болж нийслэлчүүдийг чангалав. Уг нь бороо орноо гэдгийг ОБЕГ, Ус цаг ууг анхааруулсан. Гэсэн ч дарга нарын удирдлагаар хангах чадамжгүй байдлаас болж зөвхөн БЗД-ийн 43-р хороо л гэхэд үерт автаж, цахилгаангүй хэдэн өдөр болов. Төрөөс хийж байгаа ажил нь хэдэн шуудай голын эрэг дагуу тавьсан болоод л өнгөрсөн.
Хэн хэнийгээ үзэхээ байж, бараг тангараг тасарсан улсын болон нийслэлийн онцгой комиссийн дарга нар болох Д.Сумъяабзар, С.Амарсайхан ус зайлуулах суваг хоолой, усны урсгал гольдрол яаж өөрчлөх тухай, дэвшилтэт технологи огт ярихгүй, нэг байшин нураана, болино гэж хэрэлдсээр намар болгож бороо татраад мартах нь ойлгомжтой болов.
Уг нь улс орнууд ус зайлуулах хоолой ярьдаг юм билээ. Шийдэл, гарц гаргалгаа ярьдаг юм билээ. Гэтэл манайд нэг байшин “гай болсон” болохоор тэд нараас хохирлоо нэхэмжил, өнгөрсөн 30 жилийн балаг гээд Д.Сумъяабазар өөрөөсөө хариуцлагыг зайлуулж байгаа харагдсан. Үнэн хэрэгтээ хариуцлага хамт хүлээх хүн нь Д.Сумъяабазар. Түүнд энэ бүхнээс урьдчилан сэргийлэх ГУРВАН ЖИЛ байсан боловч анхаараагүй. Гучин жилийн балагийг сэтгэл байвал гурван жил цэгцлэх боломжтой шүү.
Эхний үерээс хойш арав гаруй хонож байхад “Сэлбэ, Дунд голын урсцад нөлөөлөхүйц барилга барьсан дээрх газруудыг нураах эрхзүйн орчныг судалж байна” гэж Д.Сумъяабазар хэлэв. Уг нь өдийд эхний арга хэмжээгээ аваад өргөдөл гаргаад асуудлыг шуурхай шийдэх боломжтой байсан ч судалсаар… Хэзээ ч судалж дуусах юм бүү мэд.
Нөгөө талаас УОК-ийн дарга С.Амарсайхан ч гэсэн хариуцлага хүлээх ёстой. Тэрбээр хотын дарга байсан хүн, УОК буюу улсаа аюулаас сэргийлэх хүн энэ мэтийг мэдэхгүй биш мэдэж байсан ч үер болоход удирдлагаар мөн л хангаж чадалгүй үерт автуулав. Үүгээр ч зогсохгүй түүний төрсөн ах дүүсийн эзэмшил бүхий Зайсан хиллд орших кино театр нь ус алдаж “хөгөө” чирж байгаа бичлэг цахимд тарсан.
Өнөөх нураагдах хэмжээнд асуудал яригдаж байгаа барилгууд нь нураалгахгүй ээ гээд мэдэгдэл гаргаад эхэлсэн байна лээ. Нураах дээрээ тулах юм бол “Авлигал хороолол”, “ эс оутлет” дэлгүүрийнхэн шүүхдэнэ гэдгээ мэдэгдсэн. Хэрвээ шүүхдэх юм бол шүүхийн процесс удаан үргэлжилнэ. Тэр үед нь сонгууль болж, Д.Сумъяабазар ч ажлаа өгөх биз. Өөрөөр хэлбэл Долгорсүрэн зааны хүүхдийг ажлаа олигтой хийхийг хүлээвэл нийслэлчүүдийн нас хүрэхгүй нь бололтой.