Р.Эмүжин: Монгол, Хятадын соёлын солилцоо, соёлын шинэ сэргэлт энэ тэр гээд донгосоод байсан, яав? Ж.Эрдэнэбатын үеэс Монголын телевизүүд соёлын солилцоо нэрээр хятад цувралуудаар ард түмнийхээ оюун санааг олгой толгойгоо ялгахгүй болтол нүдэж байгаа.
Төв номын сангаас эхлээд бүх ном соёлынхон Хятад зүгийн үнэгүй бэлгийн гэх хэдэн арван мянган номд дарагдсан. Бүх цэргийн дуу бүжгийн чуулга маань хүртэл дипломат харилцааны ой нэрийн дор монгол цэргийн дүрэмт хувцастайгаа ярайтал эгнэж зогсоод ярзайтал хятадаар дуулж хялайлгаж унагаангаа алдсан.
Хятадын цирк 20 жилийн дараа Монголд гээд сурталчилгаа нь сунайж байна. Болно оо, соёл юм чинь солиотой холиотой байя гэтэл “Тамгагүй төр”-ийг чинь Өвөрмонголд хорьчихлоо. Энэ тэгээд соёлын солилцоо юм уу? Үгүй.
Солилцоо гэдэг чинь харилцан эрхтэй солилцохыг хэлдэг юм. Энэ бол соёлын ичгүүргүй дайралт. Соёлын булаан эзлэлт гэж шууд утгаар нь хэлье. Хятадын бүх үзвэр манайд бүх сувгаар, бүх аргаар гарч болно, Монголын ганц жүжиг энүүхэн хилийн цаана тоглож болохгүй гэнэ ээ. Солилцмоор байгаа бол адил тэгш эрхтэй л соёлоо солилцъё. Үүнийг Соёлын сайд гээд байдаг Ч.Номинд шейрлээд хүргээдхээрэй.
Аавынхаа морьтой хүн хөөсөн хэрэг, морь малтай хүн нэвтэрч болохгүй хашаа хорооны өндөр дээд хэрэгцээний хажуугаар хааяа үндэсний соёлоо үндэст эх орондоо хэрхэн буланд шахуулж буйгаа бодчихоод алхаж явахад гэмгүй биз.