ЭЭ ДЭЭ, ХҮН ХӨГШРӨХ ХЭЦҮҮ ШҮҮ!!!
“Миний үр хүүхдүүд намайг тэтгэж тэжээх үүрэггүй, би л тэднийг гуйгаагүй байхад нь өөрөө л төрүүлж өсгөсөн учраас тэд надад өргүй!” гэсэн пост коммент олныг унших болсон би хэрэг болгож тэдний профайл руу орж хардаг л даа. Тэдний ихэнх нь ид дунд насны, эрүү өвдөг нь нийлэх яагаа ч үгүй үеийнхэн байх юмаа. Гэвч…
Хүн гэдэг амьтан хөгширнө гэдэг ямар хэцүү болохыг хөгшин хүнтэй тун ойр өссөн, хамт амьдарсан өрөвч зөөлөн нэгэн нь мэдэрсэн байхаас биш идэр залуу, нүд шүд нь гялалзаж яваа нэгний ойлгох зовлон биш юм билээ.
Өдрийн цагаар хоёр талын орон дээрээ түр хажуулахаар хэвтэх хоёр хөгшин маань санаанд орж байна. Аав хураасан орныхоо хөл хэсэгт хулдаас тавиад өдрийн цагаар гуталтайгаа тэрэн дээрээ хэвтэхэд нь эвтэйхэн бололтой харагдана. Харин толгойн хэсгээс доохонтой дээлээ эвхээд тавьчихна. Өдөр унтахаар хэвтэхдээ тэр дээлээ цээжин хэсэгтээ нөмөрч унтдаг тул хэн нэгнийг ийм тийм юм авчир гэхгүй л дээ. Харин ээж өдрийн цагаар заавал диван дээр хэвтсэн хойноо “Нараан!, Ангара аа! Хөл дээр юм хаяарай!” гэхтэйн зэрэг охин бид хоёрын аль байгаа нь хөл дээр нь хөнгөн хөнжил тавьж өгдөг сөн. Тэгмэгц “За, жаахан унтаад босъё! Хөгшчүүд хэлэхдээ “Хөл хучих үртэй байх ямар сайхан юм бэ гэдэг сэн, мөн ч үнэн үг шүү! Эвий минь, энэ муу 2 л бидэнд үйлчлэх юм даа” гэж ёс юм шиг хэлнэ. Аав сонсоод “Чи над шиг өөрөө хучлагаа бэлдэж байгаач! Дандаа хүүхэд зардаг!” гэмэгц ээж минь,
-Хүүхдүүддээ буянаа хайрлаж байна аа, хө! Аав ээждээ үйлчилж буян хураадаг нь манай монголчуудын уламжилж ирсэн эртний ёс л доо!” гэж намжирдаад унтана.
“Хүн хөгшрөхөөр үс хүртэл хүндэднэ, хүнд хувцас ч даагдахгүйм, хөлд хөнгөн шаахай л амар юм. Күэ энэ хүн гэдэг амьтны хумс хөгшрөхөөр ямар муухай эвэрлэг зузаан болдог юм бэ, харахгүй ядаж байхад зузаан болдог нь ч юув, арьсаа хамт авчих шахлаа” гэх мэтээр аав ээж хоёрынхоо хөөрөлдөхийг сонссоор байгаад тэр хоёрынхоо үс хумсыг нь авч өгөх албан ажлаа би хийсээн, хийсэн.
Аав маань нас нь явах тусмаа “Хөгшин хүн бага идмээр юм байна, аягүйдвэл бааж шээхээ захирч чадахаа болих нь!” гэсээр угаасаа хэмжээтэй байсан дэглэмээ бүр ч нарийн барьдаг болсон бол ижий минь дотор эрхтнээ гамнаж бидний идэж буй элдвийн хүнс болгоноос жаааахан амсаад “За амсчихлаа, харж цадна!” гэж гоё юм бас байдымшт гэдэг сэн.
Ямар ч чамбай нямбай, чадал чансаатай явсан хүмүүн цаг нь ирж насны намартайгаа золгох үеэр яалт ч үгүй хүний тусламж хэрэгтэй болдог нь ертөнцийн жам. Ямар ч мундаг сэтгэлтэй сувилагч хэн нэгний ам руу үр хүүхдээс нь илүү халбага сүү ойртуулахгүй л дээ. Худлаа баруунжсан сэтгэлгээтэй нөхдүүд л “Миний хүүхдүүд намайг асрах өргүй!” гэж худлаа хуцжаам, тэднийг яаж өтлөхийг бурхан л мэдэх буй за.
Энэ дурсамжаар би юу хэлэхийг хүсэв ээ хэмээвээс “Энэ насанд эцэг эхийнхээ ач буяныг хариулж барахгүй ч чадлаараа чармайх нь эдүгээ ба хойд насандаа хүртэх буян хишиг болой. Үүнийг одоо эс ухаарваас өөрийн эрхгүй орой руугаа ортол ухааруулах дээд хүчин байх амой” гэж л хэлье даа.
Миний нэгэн романд “Өндөр насалсан бүхэн буянтайдаа тэгж яваа юм биш ээ. Идэр залуудаа хийсэн нүгэл хилэнцээ энэ насандаа барчих санаатай хөгширсөн хойноо зовж суугаа хөгшдөд энэрэнгүй нигүүлсэл үзүүлэх аваас дээдийн буян тэр болой” гэсэн байдаг юм. Харъя гээд нүд нь муудсан, сонсъё гээд чих нь муудсан, хашгиръя гээд хоолойн чадалгүй болсон, үсэрч өшиглөж чадахгүй хөгшдийг энэрч өршөөх сэтгэлгүй хүмүүсээс л харин айж яв, тэд бол өөрсдөө цаг нь ирж хөгшрөхөөрөө тэднээс долоон дор болох ирээдүйн зовлонтнууд гэж л анхааруулъя
Би надаас зорьж ирээд ном авч буй 70-аас дээш настай хөгшнөөс мөнгө авч төвдөлгүй номоо БЭЛЭГЛЭЭД явуулдаг даa.
Ямар ч хөгшдөд
Энэрэнгүй ханддаг
Ж.НАРАНА

