“Болор цом-2023” яруу найргийн наадмын тэргүүн байрын шүлэг
* Авах юм чи бид хоёрт яасан их байна вэ? хайрт минь
Аниргүйг хоёулахнаа мэдрэх орон байраас эхсүүлээд
Ор дэр, тасалгааны таримал цэцэг хүртэл хэрэгтэй л байна
Орчлон ертөнц хичнээн гайхамшигтайг чи л надад мэдрүүлсэн шүү
Хэзээ нэгтээ амьдрах сууцныхаа тагтан дээр
Хамтдаа агаар сороод, одод ажиглаж ээ зогсоход
Үс чинь салхинд хийсэж л таараа
Үсийг чинь салхинаас харамлахад хавчаар ч бас хэрэгтэй биз дээ
Чинийхээ төлөө ирээдүйд ирэх үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө
Чухам үнэнийг л ирэлхийлсэн мөрүүдийг би урсгах хэрэгтэй
Нүдэнд чинь дандаа жаргал үзэгдэж байдаг
Давалгаа нь дандаа тогтуухан байгаасай гэж
Нартын дор би олон сайхан ертөнцүүдтэй хамт хөдөлмөрлөсөөр л байна
Дахиж хэзээ хүн төрлийг олох ч билээ дээ хоёулаа.
* ЦААСНЫ АМЬ НАС
Хашааны буланд хураалттай модод
Нэгэн цагт борооны үнэрээр
Түүний тунгалаг дуслуудаар хайрлагдаж
Түүгээр тэжээгдэн тэтгэгдэж байсныг
Намар үг дуугүйхэн ирээд хөрөөдсөн эр мэдэх болов уу?
Хашаа ч бас ойн нэг хэсэг байснаа санадаг болов уу?
Цаасны амь насыг барж муу шүлэг бичнэ гэдэг
Яруу найрагчид минь
Яавч өршөөж болшгүй нүгэл гэдгийг
Цаг ямагт тунгааж явбал…
Цас нэвсийтэл дарсан модод
Хичнээн үзэсгэлэнтэй харагддаг билээ төсөөл дөө
Хойд төрлийг минь минь хэрэв
Бурхан таталахаар бийр будгаа зэхэж эхэлбэл
Буйдхан төглийн энгэрт соёолох хус болохсон
Хүслийг минь таалан соёрхоод ёсолбол
Тэртээ цагт хүн байхдаа хийсэн гэмээ цайруулж
Тэнгэр өөд цоролзон өндийхсөн
Элж гунихын минь тоогоор шувууд ирж чуулсныг санаж
Эрчит шуурганы хүчинд үндсээ булгалахгүй оршихсон
Зүрхнээс минь салаалсан үй түмэн бодлууд бол мөчир юм
Зүр янзагаан дагуулж ирээд навчисынх нь нөмөрт
Шүлэг нэхэж хөлөөн дэвсэнэ ээ
Шүүдэрийн дусал ч сагагнаас нь дусална
Би мэдэрдэг юм
Мод биш ч Бичсэн, зурсан, урласан
Мөр бүхнийхээ цаасны амийг нөхөх гэж
Эх дэлхийнхээ хэвлийд шингээд
Эргэж төрөхдөө өөрөөсөө үй олон ой төрүүлнэ гэдэг ээ.
С.Начин

