Шинэ оны эхэнд уран бүтээлчид өөрсдийн цаг хугацаа, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан бэлдсэн шинэхэн уран бүтээлийг үзэгч түмэндээ хүргэнэ гэдэг хичнээн сайхан. Тийм л уран бүтээлийн нэг нь “Улаан явар” уран сайхны кино байлаа.
Хамгийн шилдэг, чансаатай бүтээлүүдээ жил бүрийн нэгдүгээр сарын 01-нд нээдэг Холливудын жишгийг монголд нутагшуулж “Unival entertaiment”-ийнхэн шинэхэн бүтээлээ толилууллаа. Уг кино нь тэдний гурав дах уран бүтээл бөгөөд “Хайрын аялгуу” /2020 /, “Миний сахилгагүй залуу” /2021/ зэрэг залуусын ээдрээт хайрын сэдэвтэй бүтээлийг тус тус бүтээж байжээ.
Жүжигчин Цогтоог хамгийн их “зовоосон” гэгдэх уг киноны гол дүрийг Эрүүл амьдралын цогц дасгалжуулагч Б.Хулан бүтээсэн ба тэрээр кино багаас ганцаархнаа “мэргэжлийн бус” байсан ч түүний чадварыг найруулагч, хамт олон нь ихэд үнэлж байв.
Кино зохиолыг Б.Пүрэвдорж бичиж, мөн ерөнхий найруулагчаар нь ажиллажээ. Мөн кино багийн хоёр ч гишүүн Холливудаас зохион байгуулдаг кино зохиолын сургалтанд хамрагдсан гэнэ. Мөн Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Онцын Улаан Явар” нэртэй байгалийн үзэсгэлэнт газар киноны зураг авалтыг хийснээрээ онцлог аж. Түүнчлэн Хөвсгөл далай, Булган аймгийн үзэсгэлэнт газар, Эрдэнэт хотод ихэнх зураг авалтыг хийжээ.
Та бүхнийг уйдах зав өгөхгүй үргэлжлэх “Улаан явар” тулаант, инээдмийн уран сайхны киног үзэхийг урьж байна.