Уулзалтаар Соёлын сайд Ч.Номин “Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, 2023 оны гүйцэтгэл болоод 2024 оны төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сонсож Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн соёлын салбарт хамаарах зорилго, зорилт, арга хэмжээг 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх чиглэлийг харьяа байгууллагын удирдлагуудад өглөө.
Мөн 2024 онд зохион байгуулагдах “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болон “Музейн нээлттэй өдрүүд”, “Соёлын бүтээлч сар” зэрэг хүн амд хүрэх соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх, “Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх”, “Бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх”, “Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх” зэрэг зорилтын хүрээнд хийгдэх арга хэмжээг төлөвлөгөөний дагуу зохион байгуулах үүргийг харьяа байгууллагын удирдлагуудад өгөв.
Соёлын яам нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын гол тулгуур багануудын нэг Үндэсний нэгдмэл үнэт зүйл, “эх хэл, эх түүх, өв соёлыг” нийт хүн амд төлөвшүүлж, үндэсний ижилсэл ондоошлын ухамсар, дархлаатай үндэстэн улс байгуулах зорилгыг хэрэгжүүлдэг. Иймд, харьяа байгууллага, орон нутаг дахь захиргааны нэгж нь хэтийн болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөндөө салбарынхаа Шинэ сэргэлтийн бодлогыг нягт тусгах, санал солилцох зэргээр байнгын холбоотой, нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов.