Спортын мастер Баттөрийн Батсуурь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубайн волейболын нэгдүгээр лигийн “SHABAB AL AHLI” багт гурван сарын хугацаатай тоглохоор болжээ. Түүний хувьд хоёр дахь улсдаа легионер тамирчнаар явж байна. Өнгөрсөн жил тэрээр Азербайжан улсын лигт легионер тамирчнаар дөрвөн сарын хугацаанд тоглож, энэ жил эх орондоо дээд лигт “Өмнөговь шанх транс” багаараа мөнгөн медаль хүртсэн.
Мөн энэ жилийн шилдэг тоглогчоор шалгарсан.
Тэрээр өмнө нь лигийн шилдэг хаагч, шилдэг давуулагчийн шагналыг хүртэж байсан юм. Б.Батсуурийн тоглох клуб нь волейболоос гадна сагс, хөлбөмбөг дээр ч гэсэн багтай спортын томоохон клуб юм. Сүүлийн үед Арабууд хөлбөмбөгийн спортоос гадна сагс, волейбол гэх мэт багийн спортууд дээр онцгойлон анхаарал хандуулж байгаа билээ.