Зурагт, нийгмийн сүлжээ ашиглан олонд танигдсан эмч Б.Дугархүүг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөх гэгдэх түүнд эд хөрөнгө завшсан байж болзошгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэнэ. Тэрбээр “Ай ёо брэнд” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Ай ёо доктор” хэмээх нэвтрүүлгийг зурагт, олон нийтийн сүлжээгээр цац-аг. Энэ компаниараа дамжуулж Эрүүл мэндийг дэмжих сантай 2022 оны гуравдугаар сард эрүүл мэндийн боловсрол олгох 12 төрлийн нэвтрүүлэг бэлтгэх гэрээ байгуулсан байдаг. Улмаар туссангийн эрх бүхий албан тушаалтнууд уг гэрээг дүгнэсэн акт үйлдэлгүйгээр “Ай ёо брэнд” ХХК-ийг ямар нэгэн ажил гүйцэтгээгүй байхад нь 278 сая төгрөгийн санхүүжилт олгосон нь аудитын байгууллагын дүгнэлтээр тодорхой болсон билээ. Тиймдээ ч аудитын байгууллагаас Эрүүл мэндийн яаманд албан шаардлага хүргүүлж байсан юм. Үүний хүрээнд хууль сахиулах байгууллагынхан мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүл мэндийн яамны сайдаар ажиллаж байсан, өдгөө дэд сайдын албан тушаал хашиж буй С.Энхболдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Б.Дугархүүгийн компанид давуу байдал олгож, 278 сая төгрөг шилжүүлсэн нь тодорхой болж буй сурагтай.
Ташрамд дурдахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст С.Энхболдыг шалгаж байгаа бөгөөд яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн ч хараахан шийдвэрлээгүй аж. Хууль сахиулах байгууллагынхан Б.Дугархүүг шалгах явцад Эрүүл мэндийг дэмжих сангаас авсан их хэмжээний мөнгөөрөө автомашин, 9911-тэй дугаар худалдан авсан байж болзошгүй гэнэ.
Түүний хувьд Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг зөрчдөг нэгэн гэхэд болно. Тодруулбал, эл дүрмийн 4.10-т “Үйлчлүүлэгчийг илт төөрөгдүүлж, худал ташаа мэдээлэл бүхий сурталчилгаа явуулахгүй, аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохгүй байх”, 4.11-т “Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмчилгээ, оношилгоонд хэрэглэх, санал болгох, дэмжиж сурталчлах, зарж борлуулахгүй байх” хэмээн заасныг зөрчиж сурталчилгаа явуулсан тохиолдол нэг бус билээ.