“Миний дуунууд… Хичнээн цаг хугацаа, орон зайг туулан таньд хүрч, баясал, гуниг, ухаарлын алиныг нь авчрахыг би таашгүй…” гэж төрийн соёрхолт, УГЗ Л.Балхжав нэгэнтээ хэлсэн байдаг. Уран бүтээлч хүн өөрийн дуу уран бүтээлийг хэдий цаг хугацааг туулж, хэн бүрийн сэтгэл зүрхэнд хоногшсон дуу болоосой хэмээн хүсдэг нь гарцаагүй. Эзэн нь тэгж эс хүссэн ч уран бүтээл нь түүнийг овоглож он удаан жил дуулагдсаар байх ч тохилдол бий. Тийм нэг “эртний” гэмээр дуунуудын нэг нь “Хүслийн тэнгэр” дуу юм.
…”Хүслийн тэнгэр хайрлахын жаргал
Хонгор чамайгаа хэзээ ч мартахгүй ээ, мартахгүй ээ
Хүслийн тэнгэр хайрлахын жаргал
Хонгор чамайгаа хэзээ ч мартахгүй ээ…” гээд л таны аав, ээж орцонд гитартай дуулж байсанг үгүйсгэх аргагүй. Төдийгөөс өдий хүртэл олон дуучны дуулахыг хүсдэг дуунуудыг нэг болсон энэ уран бүтээлийн үг, аялгууг Ж.Бадамхатан эрхэм бичжээ. Тэрээр энэ уран бүтээлээ анхлан өөрөө дуулж амьдруулсан байдаг. Магад тэр энэ дууг хайртай хүндээ зориулсан ч байж мэдэх юм.
Ж.Бадамхатан “Хүслийн тэнгэр”
Ж.Бадамхатан агсан өөрөө энэ дууг дуулснаас хойш олон уран бүтээлчид өөр өөрсдийнхөөр дуулж уг дууг амьдруулсаар иржээ. Тэдний нэг нь дуучин Чадраабал.
Дуучин Чадраабал “Хүслийн тэнгэр”
Шинээр гарч ирж буй дуучдаас гадна рок попын хууччуул ч “Хүслийн тэнгэр” дууг энд тэнд дуулж, хуучны дурсамжуудаараа аялсаар ирсэн. Харин сүүлд дуучин Г.Дэлгэрцогт, Бор Мэндээ нар өдөр дараалан уг дууг дуулж амилуулсанаа өөрсдийн цахим хуудсаар дамжуулан хүргэсэн байна.
Уран бүтээл болгондоо чанарыг эрхэмлэдэг гэгдэх дуучин Г.Дэлгэрцогт “Хүслийн тэнгэр” дууг хөгжмийн шинэчилсэн найруулгатайгаар дахин дуулж, клипжүүлэн ихэд ач холбогдол өгчээ.
Дуучин Г.Дэлгэрцогт “Хүслийн тэнгэр”
Нэг өдрийн наана цаана уг дууг шинэчилсэн хувилбараа олноо хүргэсэн хүн бол дуучин Бор Мэндээ буюу Мэндбаяр юм.
Дуучин Бор Мэндээ “Хүслийн тэнгэр”
Хайрын дуунуудаас онцгойрон дуулагдсаар л яваа уг дууг сүүлийн үед хэд хэдэн уран бүтээлчид шинэчлэн дуулсанг “Харьцуулалт” булан энэ удаа онцоллоо. Хүслийн тэнгэр дууг хэн сайн амилуулсанг мэргэн уншигч та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.