…Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрлаж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл… гэж эрчүүдээ өмөөрч бичсэн яруу найрагч бол Мөнхөөгийн Билэгсайхан юм. Тэрээр Засагт ханы хөх харчуудын нэг.
1990-ээд оны дунд үеэс урт үс, монгол дээлээр гангарсан энэ хүн “Болор цом” наадмын тайзыг чимэх болж, үзэгчдийн хүлээдэг найрагч болсон билээ. Анх 1995 онд “Болор цом”-д улс төрийн өнгө аястай шүлэг бичиж олныг шуугиулж байсан тэрээр “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”, “Олон булгийн намар”, “Хар азаргын нуруу”, “Гэгээн Монгол” зэрэг шүлгээрээ уншигч, сонсогч олны талархлыг хүлээж, “Болор цом” наадамд зургаан удаа шөвгөрсөн байдаг. Тэрээр Монголын радио телевизэд сэтгүүлчээр ажиллахын хажуугаар олны таашаал хүлээсэн олон сайхан шүлэг найраглалаа бичсээр яваа энэ үеийн нэгэн тод авьяаслаг найрагч билээ.