Нийслэлийн Засаг даргын тамгын газах болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй хэрэг шүүхэд шилжсэн. Шүүх хуралд оролцогчдын хүсэлтийн дагуу хойшисоор байгаа бөгөөд орон нутгийн сонгуулийн дараа буюу 2024.10.21-ны өдөр болохоор болсон.
Ногоон автобусны хэрэгт гэм буруутай эсэхээ дэнслүүлэх гэж нэр бүхий 20 гаруй хүний нэг болох нийслэлийн Засаг даргын орлогч байсан Ж.Сандагсүрэн нэр дэвшсэн байх юм.
Өөрөөр хэлбэл яллагдагч, шүүгдэгч хүн нэр дэвшиж болохгүй гэсэн хууль байхгүй болохоор тэрбээр ийнхүү нэр дэвшсэн бололтой.
Ж.Сандагсүрэн болон түүнтэй хамт энэ хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүдийг Эрүүгийн хуулийн 22.1-1, 22.1-3-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 17.3-2.2-ын их хэмжээний эд хөрөнгө залилсан, 22.12-1-ийн хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн байна. “Ногоон автобусны” гэх хэргийг мөрдөн шалгах явцад 11,9 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 71,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан гэдгийг АТГ-аас мэдээлж байсан түүхтэй.