“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнхийг АТГ-аас дахин хэд хэдэн хэргээр шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Тодруулбал, түүнийг албан тушаалаа урвуулан
- “Орхон тек” ХХК-ийг тендерт ялуулж өгсний хариуд өөрийнхөө газар цахилгаан татуулсан,
- “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдыг ажлын цагаар хувийнхаа газарт барилга байгууламж бариулсан,
- Ингэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн бараа материал, тоног төхөөрөмжийг ашигласан байж болзошгүй гэх хэргээр шалгаж байгаа аж.
Т.Батмөнхийн хувьд албан тушаалын хэрэгт шалгагдаж байгаа анхны хэрэг нь энэ биш. Үүнээс өмнө тэрбээр 140 сая төгрөгийн үнэтэй “Лексус” -570 маркийн тээврийн хэрэгслийг 16 сая төгрөгөөр худалдан авсан гэх хэрэгт шалгагдаж байсан. Мөн өнгөрсөн онд түүний гэрт Эрүүгийн цагдаагаас нэгжлэг хийхэд хулгайд алдагдсан Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн эдэлж хэрэглэж байсан хөөрөг илэрсэн байдаг. Өдгөө уг хэрэг хуулийн байгууллагад шалгагдсаар байгаа юм.
Бид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнхийн холбогдсон хэргийн талаар цувралаар эх сурвалжаас тодруулан хүргэх болно.
А.Баярмаа