Сэтгүүлч Жереми Луеди-гийн эрхлэн гаргадаг “Asia by Africa” цахим хуудсанд гарсан нийтлэл
Монгол Улс эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх үйл хэргийг манлайлж, нэг хүнд ногдох хамгийн их энхийг сахиулагчдаараа Азид тэргүүлдэгээрээ бахархдаг.
Энгийн тоо баримт дурдвал:
- Анх 2003 онд хоёр ажиглагч офицероос 10 жилийн дараа гэхэд 900 орчим энхийг сахиулагч болгон нэмэгдүүлснээрээ Монгол Улс хүмүүнлэгийн үйл ажиллагааны нэгэн манлайлагч болсон.
- Афганистанаас Косово, Иракт, түүнчлэн Африк тивд аюул заналхийлэл нүүрлэхэд Монгол Улс НҮБ болон Вашингтонд удаа дараа тусламжийн гараа сунгаж байсан.
- Монгол Улсын мэргэжлийн ур чадварыг НҮБ хүлээн зөвшөөрдөг байгаа бөгөөд энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх үйлсэд тус улс тэргүүн эгнээнд явдаг.
Хэдэн арван хүүхэд Өмнөд Суданы шинээр засварласан бага сургуулийн нэгэн ангид цугласан байна. Эдгээр хүүхэд сургуулийг нь сэргээн засварлах ажлыг хийж гүйцэтгэсэн, амьдарч буй орчны аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн энхийг сахиулагчидтай уулзахаар хуран цугласан нь энэ аж. НҮБ-ын ажилтнууд болон хүүхдүүдийн хооронд халуун дотно яриа өрнөж, үд дундын аагим халууныг анзаарах ч сөхөөгүй байна. Энэ арга хэмжээний хамгийн оргил мөч нь эрчүүд голлох салбарт хүчин зүтгэж буй бүлэг эмэгтэй энхийг сахиулагчаас охид асуулт асуун ярилцаж байгаа явдал байв
Top of Form
Bottom of Form
Эдгээр эмэгтэй энхийг сахиулагч сурагчдын хувьд хоёр зүйлээр шинэлэг. Нэг талаас аюулд өртсөн энгийн иргэд, хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах үүрэгтэй зэвсэглэсэн эмэгтэй цэрэг, нөгөө талаас эрчүүд хэт давамгайлсан үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоо. Дээрхтэй харьцуулахад энхийг сахиулагчдын гурав дахь онцлог шинжийг бараг анзаардаггүй ба эдгээр цэрэг нь монголчууд байдаг. Алслагдсан, далайд гарцгүй, Ази тивд орших Монгол Улс хэдэн зуун цэргийн алба хаагчаа Өмнөд Суданы энгийн иргэдийг хамгаалахаар илгээсэн бөгөөд түүгээр ч барахгүй Рубканагийн 1,500 хүүхдийн багтаамжтай бага сургуулийг бүрэн сэргээн засварлах ажилд 50,000 ам.долларыг зарцуулсан байна. Тус сургуулийн ханан дээр гараар зурсан том зургаар Монголтой холбоотой зүйлийг онцлон тусгажээ. Энэхүү ханан дээрх зурагт ногоон толгодууд, Азийн өргөн уудам тал нутаг, хөдөөгийн Африкт жижигхэн Монголыг дүрсэлсэн байна.
Вашингтоны анхаарлыг татсан нь
1990-ээд оны эхээр ЗХУ-ын нөлөөллийн сүүдрээс гарсан даруйдаа Монгол Улс олон улсад, тэр дундаа Африк дахь энхийг сахиулах ажиллагааны гол тоглогчдын нэг болсон. Олон улсын цэргийн үйл ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нь магадгүй тус улсын Засгийн газар энхийг сахиулах үйлсэд оролцох, оролцоогоо нэмэгдүүлэх ажлыг бодлогын томоохон зорилт болгосонтой холбоотой байх. ОХУ, БНХАУ гэсэн дэлхийн хамгийн хүчтэй улсын геополитик хийгээд хүн ам зүйн нөлөөнд Монголын 3 сая иргэн аж төрдөг.
Цөмийн зэвсэгтэй, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн хоёрхон хөрштэй Улаанбаатар нь Москва болон Бээжингээс өөрийн эдийн засгийн хамаарлаа тэнцвэржүүлэхийг эрэлхийлж, дэлхийн бусад гүрэнтэй холбоо тогтоож эхэлсэн. 1990 оны цусгүй хувьсгалаар тусгаар тогтнолоо олсноос хойш “гуравдагч хөрш” хэмээгдэх ойлголт Монголын төрийн гол уншлага болсон юм. Барууны орнуудтай, тэр дундаа АНУ-тай холбоо тогтоосноор Монгол Улс өөрийн ашиг сонирхлыг олон талаар бэхжүүлж, Вашингтоны авторитар дэглэмтэй өрсөлдөгчдөөр хүрээлүүлсэн ардчиллын арал хэмээн өөрийгөө сурталчилж байна.
Гэсэн хэдий ч Орос, Хятадын хаяанд оролцоогоо нэмэгдүүлсэн Вашингтоны улс төрийн дэмжлэгийн баталгааны хариуд Монгол Улс АНУ-д юу санал болгож чадах вэ гэдэг асуулт хэвээр үлдэж байна. Энэхүү асуултын хариултыг олох гэж монголын улс төрчид 1990-иэд оны туршид чармайсан. ЗХУ задарч, Монголын зэвсэгт хүчин материаллаг болон сургалтын эх үүсвэрээ алдсан бөгөөд улмаар тус улсад улс төрийн болоод эдийн засгийн либералчлалыг хэрэгжүүлснээр хүчтэй хомсдол нүүрлэсэн. Улмаар зорилго нь алдагдаж, маш бага мөнгө төсөвлөн зэвсэгт хүчинд өгөх ард нийтийн дэмжлэг буурч, төсвөө удаа дараа танаж, эдийн засгийн хөгжилд зориулж төсвийг зарцуулах болсон.
Энэхүү ач холбогдлоо алдагдсан байдлын хариуд Монгол Улсын Батлан хамгаалахын анхны иргэний сайд Монголын зэвсэгт хүчний шинэ тэргүүлэх чиглэлийг энхийг сахиулах ажиллагаа байна хэмээн томъёолсон. Ийнхүү Монгол Их хаадын удам, түүхэн дэх хамгийн том гүрний эзэд монголчууд дэлхийд энх тайвныг цогцлоох үйлсэд гар бие оролцох эхлэл тавигдсан. Үүний үр дүнд 1996 онд Монгол Улс явган цэргийн анхны батальоноо энхийг сахиулах ажиллагаанд албан ёсоор илгээжээ. Дараагаар нь “Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв” байгуулагдаж, энхийг сахиулах ажиллагааг Засгийн газрын 1996-2000 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гол зорилт хэмээн үзсэн.
Ийм өндөр зорилт тавьж ажилласан нь үр дүн тодорхой гарсан. Сургалтын үйл ажиллагаа бараг байхгүй, зэвсэг техникийн ихээхэн хомсдолтой, газарзүйн хувьд манай гарагийн хамгийн алдлагдсан улсуудын нэг байсан Монголын зэвсэгт хүчин өөрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжгүй байсан. Улаанбаатарын эцсийн зорилго нь өөрийн зэвсэгт хүчинг сэргээн босгоход АНУ-аас тусламж авах явдал байв. Аз түшихэд (Монголын батлах хамгаалах талаас үзэхэд) 9 дүгээр сарын 11-ний үйл явдлуудаас улбаалан АНУ цэргийн хамтын ажиллагаагаа Төв Азид хэрэгжүүлэхээр болсон.
АНУ Афганистанд цэргийн хүчээр орсон нь монголын зэвсэгт хүчинд АНУ-тай харьцангуй ойроос ажиллах боломжийг олгож, үнэтэй туршлага олох тавцан болсон. Афганистан дахь ажиллагааг дангаараа хэрэгжүүлэх чадавх АНУ-д бүрэн байсан болохоор аливаа гадаад тусламж нь илүү бэлэгдлийн чанартай байсан. Цэргүүдээ Афганистан руу илгээснээр Монгол Улс 9 дүгээр сарын 11-ний явдалд гүн эмгэнэл, харууслаа АНУ-д илэрхийлэхийн сацуу Вашингтоны анхаарлыг өөртөө татаж чадсан юм. Эв нэгдлийн илэрхийлэлд талархаж, америкийн зэвсэгт хүчин Монгол Улсыг Афганистан дахь цэргийн ажиллагаанд оролцуулахад тулгараад байсан цэрэг, техникийн саад бэрхшээлийг үл тоон хамтран ажилласан.
“Олон улсын дэмжлэгийн хамгийн гайхамшигт жишээ бол гарцаагүй монголчууд. Гуравхан сая хүн амтай, далайд гарцгүй, тэдний тэн хагас нь нүүдэлчин ахуйгаар аж төрдөг Монгол Улс олон улсын хүчинд тусламж үзүүлнэ гэдэг нь гайхалтай юм” гэж АНУ-ын 10 дугаар дивизийн дэслэгч Марк Ларсон дурсаж байсан.
Афганистан дахь Монгол Улсын оролцоо нь америкийн сайн санаа, өгөөмөр сэтгэлийг олж авахад тусалсан. АНУ Иракт 2003 онд дайн зарлахад Монгол Улс мөн л адил Вашингтоны далайн чанад дахь ажиллагаанд нэгдэж байсан. Ирактай дайтах асуудлаарх олон нийтийн эсэргүүцлийн түвшин Монгол Улсын оруулсан хөрөнгө оруулалтын өгөөжийг улам нэмэгдүүлж байсан юм. АНУ-ын толгойлсон эвсэлд нэгдэх улс орнууд шаардлагатай байхад НАТО-гийн гишүүн бус хийгээд АНУ-ын далайн чанад дахь түүхэн түнш бус Монгол Улс дээрх дурдсан эвсэлд нэгдэх шийдвэр гаргасан нь Вашингтонд улам татагдахад хүргэсэн юм.
Энхийг сахиулах ажиллагааны хүчтэй тоглогч болж буй Монгол Улсын шинэчлэл
Монгол Улс болон АНУ-ын Номхон далайн командлалаас НҮБ-ын Энхийг дэмжих сангийн санхүүжилтээр явуулдаг энхийг сахиулах хоёр талын сургуулилт болох “Хааны эрэлд” 2003 онд бий болсон. Үүнээс хойш “Хааны эрэлд” сургуулилт нь бүс нутаг болоод олон улсын хэмжээний энхийг дэмжих ажиллагааны жил бүрийн сургуулилт болон өргөжсөн. “Хааны эрэлд” сургуулилт хоёр улсыг хамарсан сургуулилт байснаа 2006 оноос хойш олон улсын түвшинд зохион байгуулагдах болж, 2018 онд болсон энхийг дэмжих ажиллагааны сургуулилтад нийт 26 улсын 1,400 гаруй цэргийн алба хаагч оролцсон байна. “Хааны эрэлд 2016” арга хэмжээ хамгийн том хүрээг хамарч, нийт 47 улсын 2,000 гаруй цэргийн алба хаагч оролцсон юм.
“Хааны эрэлд” сургуулилтын хувьсал нь энхийг дэмжих ажиллагааны бүсийн сургуулилтын төв байх Улаанбаатарын хүч чармайлтыг харуулж байна.
Монгол Улс АНУ-тай хамтын ажиллагаагаа хөгжүүлж эхлэхийн хамтаар энхийг сахиулах ажиллагаанд оролцох бэлтгэлээ мөн хангаж эхэлж байсан. Монгол Улсын анхны энхийг сахиулагчдыг хилийн чанадад илгээхийг зөвшөөрсөн эрх зүйн баримт бичгийг 2002 онд баталсан. Ийнхүү олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх арга хэрэгсэл болгон энхийг сахиулах ажиллагааг хуульчилж (эрх зүйн орчныг үргэлжлүүлэн сайжруулж байгаа) өгсөн.
- “НҮБ-ын гишүүн улсын хувьд бид өөрсдийн оролцоо, юу хийж чадах вэ гэдгээ харуулахыг хүсч байна. . . . Бид Монгол гэдэгтээ бахархдаг бөгөөд бусад улстай мөр зэрэгцэн хамтран ажиллаж байгаадаа баяртай байна” гэж Балба Улсад 2013 онд зохион байгуулагдсан сургуулилтын үеэр дэд хурандаа Д.Мягмаржав ярьж байсан. Вашингтон дахь Монгол Улсын ЭСЯ-ны цэргийн атташе, хурандаа Т.Наранхүүгийн хэлснээр Монгол Улсын “цэргийн дипломат үйл ажиллагаа” нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд (2017 оны 12 дугаар сарын байдлаар) Монгол Улс АНУ, Япон, ХБНГУ болон өөр 30 гаруй улстай цэргийн найрсаг харилцааг тогтоон ажиллаж байгаа гэнэ.
Баруун Сахар дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хоёр офицероо ажиглагчаар 2002 онд илгээсэн нь Монгол Улсын анхны НҮБ-ын ажиллагаанд оролцсон нэгэн жижиг үйл явдал байсан. Үүний дараагаар хоёр ажиглагчийг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад илгээсэн. 2006 он гэхэд 250 цэргийг Либери Улс руу илгээснээр Монгол Улс үлэмж хэмжээний цэрэг илгээх чадвартай болсон. 2012 он гэхэд 850 цэргийн алба хаагчдыг Өмнөд Судан руу илгээсэн бол 2018 оны 3 дугаар сарын байдлаар Монгол Улс Баруун Сахар, Конго, Өмнөд Судан, Дарфур, Абией дэх НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулж байна. Монголын Африктай харилцах харилцаа холбоо гүнзгийрч байна. Монгол Улсын цэргүүд Этиоп, Чад болон Эритрей дахь энхийг сахиулах ажиллагаанд мөн үүрэг гүйцэтгэж байна.
Энэтхэг, Этиоп, Пакистан, Балба зэрэг улс нь НҮБ-д илгээдэг энхийг сахиулагчдын тоогоороо дэлхийд тэргүүлдэг авч тэдний илгээж буй хэдэн мянган цэрэг нь үндэсний зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн болон хүн амынх нь маш бага хувийг эзэлдэг. Эсрэгээрээ Монгол Улсаас илгээж буй энхийг сахиулагчдын тоо нь Азийн ямар ч оронтой харьцуулахад нийт хүн амдаа эзлэх хувиар хамгийн өндөрт тооцогдоно.
Түүнчлэн Монгол Улсын НҮБ-д хандивлаж буй цэргийн алба хаагчдын тоо бусад орныхтой харьцуулахад бага боловч үндэсний зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд харьцуулахад хамгийн өндөр хувийг эзэлнэ. Монгол Улс нийт 8 мянга орчим явган цэрэгтэй, гэтэл тус улс 2018 онд 900 цэрэг хандивлаж байсан нь Монголын армийн 10 цэргийн алба хаагч тутмын нэг нь энхийг сахиулах үйлсэд зүтгэж байгаа гэсэн үг мөн. 2017 онд 1100 цэрэг хандивласан нь 13.75 хувь буюу нийт цэрэг хандивласан хугацаанд хамгийн өндөр тоо байв.
2003 оноос хойш 14 мянга гаруй монголчууд НҮБ-ын ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн нь ердөө 10 мянга орчим зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй улсын хувьд маш гайхалтай үзүүлэлт юм. Энэхүү гавъяаг магтан дуулахын тулд Монголын үндэсний цэргийн музейд энхийг сахиулах ажиллагаанд зориулсан жигүүр шинээр байгуулахаар болжээ.
Эмэгтэй энхийг сахиулагчдын тооны өсөлт
Монгол Улс нь энхийг сахиулах ажиллагаанд нийлүүлж буй цэргийн тоо, хувь хэмжээнээсээ илүү нөлөө үзүүлж байгааг хүлээн зөвшөөрөх нь чухал юм. Жижигхэн улс боловч 21 дүгээр зууны энхийг сахиулах ажиллагааны сорилтыг даван туулах чиглэлд зоримог алхам хийж, энхийг сахиулагчдынхаа мэргэжлийн өндөр ур чадварыг олон улсад хүлээн зөвшөөрүүлж чадлаа. Монгол цэргүүд НҮБ-ын ажиллагаанд оролцож эхэлснээсээ хойш дөрөвхөн жилийн дараа Сьерра Леон дахь дайны гэмт хэргийн асуудлыг шүүн таслах үүрэг бүхий НҮБ-ын Тусгай шүүхийн алба хаагчид, саатуулагдсан хүмүүсийн хамгаалалтыг хариуцахаар сонгогдсон нь харьцангуй шинэхэн энхийг сахиулагчдад боломжийн даалгавар байсан юм. 2018 оны 3 дугаар сард Вашингтон Пост сонинд Өмнөд Суданд “эрэлхэгээр үүргээ гүйцэтгэсэн” Монголын цэргийн алба хаагчдыг Украйн дахь НҮБ-ын ажиллагаанд илгээж болох тухай бичиж байв.
Нутгийн ард иргэдэд туслах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зэрэг ердийн гүйцэтгэх ёстой үүргийн зэрэгцээ дүрвэгсдийг хүний наймаанд өртөхөөс урьдчилан сэргийлэх, Өмнөд Судан дахь иргэний байгууламжийг дайралтаас хамгаалсан зэрэг бусад хүч чармайлтынхаа төлөө Монголын энхийг сахиулагчид магтаал хүлээдэг. НҮБ-ын үйл хэрэг болон Өмнөд Суданы ард түмний төлөө зүтгэсний төлөө 2017 оны 5 дугаар сард Монголын 850 гаруй цэргийн алба хаагчийг НҮБ-ын медалиар шагнажээ.
Өмнөд Судан дахь НҮБ-ын ажиллагаа (UNMISS)-ны дарга Дэвид Шийрер монголын энхийг сахиулагчдыг “гуйвшгүй, төвшин, чадвартай” хэмээн үнэлж, НҮБ-ын талархлыг монголчуудад уламжилсан юм. Тэрээр 2017 онд медаль гардуулах арга хэмжээний үеэр “Монголын энхийг сахиулагчид гуйвшгүй чанараараа Өмнөд Судан дахь энхийг сахиулах ажиллагааг улам бүр бэхжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр орууллаа” гэж хэлсэн юм.
Шийрер мөн “Бэлгийн мөлжлөг, бэлгийн зүй бус харьцаа үүсэх магадлалыг бууруулдаг тул эмэгтэй энхийг сахиулагчдын үүрэг асар их юм. Тэд нутгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулж, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангаж, тэдэнд үлгэр дууриал үзүүлдэг” гэж Монголын эмэгтэй энхийг сахиулагчдын талаар тусгайлан дурдсан. 2018 оны 6 дугаар сарын байдлаар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 116 орон цэрэг хандивлаж байна; эдгээрээс 38 орон эмэгтэй штабын офицер буюу цэргийн ажиглагч илгээдэггүй; 46 орны энхийг сахиулагчдын 0.1-10 хувь нь эмэгтэйчүүд байдаг; зөвхөн 32 орны энхийг сахиулагчдын дотор эмэгтэйчүүд 15-аас дээш хувийг эзэлдэг. Эдгээр 32 улсаас 19 улс нь 20 буюу түүнээс доош тооны цэрэг хандивладаг. Монголын цэргийн ажиглагчдын 27.3 хувь, штабын офицеруудын 10 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь Монголын нийт 31 штабын офицер болон цэргийн ажиглагчийн 16.1 хувь болж байгаа юм.
Энхийг сахиулагчдын бэлгийн асуудалтай холбоотой шуугиан дэгдэх болж, НҮБ-аас эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх зорилт тавьж эхэлсэн энэ үед Монголын дээрх хүч чармайлтыг НҮБ улам бүр үнэлж байна. Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь зөвхөн жендэрийн тэгш байдлыг хангах тухай асуудал биш. Энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн оролцоог тэгээс таван хувь болгож өсгөхөд бэлгийн зүй бус зан үйлийн гарах хувь тэн хагасаар буурч байгааг судлаачид тогтоожээ.
1993 онд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэгч нийт цэргийн алба хаагчдын зөвхөн нэг хувийг эмэгтэйчүүд эзэлж байжээ. Хэдийгээр уг үзүүлэлт нэмэгдэж байгаа ч Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эмэгтэйчүүдийн тоог 2014 он гэхэд 10 хүртэл хувьд хүргэх тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүний зорилт 2015 он гэхэд дөнгөж 4 хувьтай байлаа. Монгол Улсын хувьд Энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн оролцоо хангалттай түвшинд хүрээгүй байгаа ч энэ чиглэлээр үлгэр жишээ болж чадах улс мөн. Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн албан хаагчдын Өмнөд Судан болон бүс нутгийн бусад улсын охид, эмэгтэйчүүдэд үлгэр дууриал болох нөөц бололцоог бид дутуу үнэлж болохгүй. 2000 оны эхээр эцгийн эрхт ёс буюу эрчүүдийн манлайлал ноёрхсон армиас НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр явж байсан Монголын анхны эмэгтэй алба хаагчдын туулсан амьдрал нь бидэнд үлгэр жишээ авах хүнтэй байхын сайхныг харуулж байна.
Хэдийгээр Монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний 15 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ч тэд ихэвчлэн туслах болон захиргааны ажлыг гүйцэтгэж буй. Дэд хурандаа Т.Мөнх-Оргил “UP POST” сонинд өгсөн ярилцлагадаа Монголын анхны эмэгтэй энхийг сахиулагчдын нэг болж ажилласан туршлагаасаа хуваалцсан байна. Тэрээр аавынхаа залгамж халааг аван анх 1997 онд цэргийн албанд оржээ. Эх орныхоо төлөө зүтгэж байгаадаа Мөнх-Оргил сэтгэл хангалуун байсан ч, түүнийг үл тоомсорлох, албан тушаал эс ахиулах зэрэг сэтгэл гонсойлгосон тохиолдол гарч байсан аж. Хөгцтэй хуучин дүрэмт хувцасны агуулахыг хариуцаж байсан Мөнх-Оргил тоосонцорын харшилтай болсон бөгөөд хэд хэдэн удаа ажлаас халагдах өргөдөл өгсөн авч удирдлага хүсэлтийг нь хүлээж аваагүй байна.
Өөрийг нь илүү сорьсон алба хаших гэсэн Мөнх-Оргилын эрмэлзлийг удирдлага нь эцэстээ анзаарсан ч гаргасан шийдвэр нь түүнийг ихэд гайхшруулжээ. “Тухайн үед удирдлага маань хоёр дахь эмэгтэй энхийг сахиулагчийг сургах асуудлыг хэлэлцэж байсан юм билээ. Тэд намайг англи хэлний дамжаанд суулгах болсныг дуулгасан. Эмэгтэй алба хаагчдыг хэлний сургалтад хамруулдаггүй байсан учир би их гайхсан. Тийм боломж цэргийн алба хаагч эмэгтэйчүүдэд олддоггүй байв. Хэлний сургалтад нэрээ дэвшүүлсэн цөөхөн хүмүүс дундаас гурван эмэгтэй алба хаагч эрэгтэй нэртэй байсан учир санамсаргүйгээр сонгогдсон байжээ.”
Мөнх-Оргил 2008 онд Баруун Сахар дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч офицерын албан тушаалд томилогдон ажилласнаараа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон Монголын хоёр дахь эмэгтэй цэргийн алба хаагч болсон. “…Баруун Сахарт минометын суман дээгүүр машинтай явж байлаа. Тэгсэн хоёр тэмээ хөтөлсөн нэг араб эр бидний зүг гараараа даллан хашхираад байв. Гэтэл бид тэсрэх бөмбөг байршуулсан талбайд орчихсон явж байсан юм билээ. Араб эр биднийг тэндээс гар гэж хэлж байжээ. Баруун Сахар элс ихтэй болохоор элсээ дагаад тэсрэх бөмбөг нүүчихдэг юм байна лээ. Тэр миний хамгийн анхны цочрол байсан” гэж тэр ярьсан байна. Т.Мөнх-Оргил Баруун Сахарт үүрэг гүйцэтгэснийхээ дараа 2012 онд Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хүнсний хангалтын офицероор ажиллажээ. Харин 2015 онд дахин Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд шатахууны офицероор ажиллаад эх орондоо ирэхэд нь түүнд дэд хурандаа цол олгосон байна.
Төгсгөл
ЗХУ задран унах үед Монголын зэвсэгт хүчний XX зууны ихэнх хугацааны оршин тогтнолын гол учир шалтгаан зэрэг нурж унасан гэж хэлж болно. Эдийн засгийн либералчлал, ардчилсан шилжилтийн сорилт бэрхшээлд түүртсэн Монголын Засгийн газарт зэвсэгт хүчиндээ зарцуулах цаг хугацаа, нөөц боломж хомс болов. Варшавын гэрээнд нэгдээгүй, газар нутаг дээрээ 1966 оноос хойш ЗХУ-ын цэргийг байрлуулж байсан, Москватай нягт холбоотой Монголын зэвсэгт хүчний өмнө шинэ үүрэг мандаттай болох зайлшгүй шаардлага тулгарсан юм.
Монгол Улс 1990-ээд оны сүүлээр Энхийг сахиулах ажиллагаанд их ач холбогдол өгч байсан хэдий ч үүрэг гүйцэтгэхэд бэлэн биш байлаа. Тухайн үед сорилт бэрхшээл их байсан ч олон улсын хамтын ажиллагаа, нэн ялангуяа АНУ-ын тусламжтайгаар Монгол Улс цэрэг армийн техник, тоног төхөөрөмж, сургалтын асуудлаа аажмаар шийдэж чадсан юм. Афганистан, Ирак, Косово зэрэг улсад Монгол Улс цэргээ илгээснээр сайн туршлага хуримтлуулж, жижиг улсын хувьд АНУ-ын талархал, санхүүжилтыг авч чаджээ.
Монгол Улс удалгүй Африк тив дэх НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа, түүний дотор Баруун Сахар, Конго, Этиоп зэрэг улс руу өөрийн цэргийн алба хаагчдаа илгээж эхэлсэн. 2012 онд Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 900 гаруй цэргийн алба хаагчдаа илгээсэн нь Монгол Улс олон жилийн бэлтгэл, сургалтын үйл ажиллагаа явуулсны үр дүн байв. Монголын энэ хүчин чармайлтыг НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэгээс өндрөөр үнэлж, цаашид энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоогоо улам бүр өргөжүүлж, энэ чиглэлээр Ази тив болон бусад улсыг манлайлахыг уриалсан. Түүнчлэн энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхийн төлөө Монголын Засгийн газрын авч буй арга хэмжээнүүд нь энэ асуудлаар НҮБ-аас хэрэгжүүлж буй кампанит ажлуудын чиглэлд бүрэн нийцэж байгаа юм.
Монголын эзэнт гүрний зах хязгаар тэлж, нэг засаг захиргаан доорх газар нутгийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр эзэнт гүрний дотор худалдаа арилжаа хөгжин аялагч зорчигчдын хамгаалал үүсч, аюулгүй байдал харьцангуй тогтворжиж байв. Энэ бүхний эцэст өстөн дайсны газар нутгаар дайрах, замын шальдар булдар дээрэмчдээс айж эмээлгүйгээр Солонгосоос Польш хүртэл аялах нөхцөл бүрэлдсэн буюу “Монголын энхтайван” (Pax Mongolica) [1] хэмээх ойлголт тогтсон. НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны төлөө тууштай хүчин чармайлт тавьж буй Монгол Улсын цэнхэр дуулгатнууд Африк болон бусад газар оронд “Монголын энхтайван”-ыг шинээр тогтооход өөрийн хувь нэмрийг оруулсаар байна.
[1] Монголын эзэнт гүрний нийгэмд тогтоосон байлдан дагуулал ба XII-XIY зууны Монголын эзэнт гүрний үед Евразийн өргөн уудам нутагт амьдарч байсан уугуул иргэдийн соёл, эдийн засгийн амьдралыг тайлбарласан барууны эрдэмтдийн шинээр гаргасан хэллэг