Шил даран гарч ирдэг шинэ дуучдаас чадал чансаагаараа ялгарч буй дуучин бол Ганбатын Алтанзул юм. Тэрээр Хөвсгөл аймгийн уугуул бөгөөд 2010 онд МУГЖ О.Ичинхорлоо багшийн удирдлаган дор Дуурийн дуулаач мэргэжлээр төгсчээ.
Дуурийн дуучнаар төгссөн боловч дуурь дуулах биш, хаана ч дуулсан ард түмний сонсохыг хүссэн дуунуудыг сонгож дуулахыг чухалчилдаг уг бүсгүй өнөөдөр /03.16/-нд шиний аравны билэгт сайн өдөр Хүннү молл-д боллоо. “Ээлээ өгсөн нутаг”, “Малчин айл”, “Битгий яараарай ээжээ” зэрэг олон сайхан уран бүтээлээ ард түмэндээ хүргэсэн дуучин Г.Алтанзулын шинэхэн цомгийн нээлтэнд үеийн нөхөд А.Түмэн-Өлзий, О.Одончимэг, МУГЖ Ө.Уянга нар оролцож шинэ залуу уран бүтээлчдээ дэмжин оролцож ая дуугаа өргөлөө.
2018 онд болсон “Хайрын сүлд дуу” улсын уралдааны гранпри дээд шагналыг Б.Сарантуяагийн шүлэг, Л.Хишигбаярын аялгуу “Дурлаж дассан сэтгэл” дуугаараа хүртсэн энэ уран бүтээлч нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа илэрхийлж шинэхэн цомгоо үзэгч, сонсогч түмэндээ өргөн барилаа.
Цомогтоо нийтийн, эстрадлаг, поп, дуурийн гэх мэт төрлүүдээс бүрдсэн уран бүтээлүүдийг багтаасан тэрээр тун удахгүй шинэ тоглолтын товоо дуулгах гэнэ.
Б.Мөнхжаргал