Хуульч Б.Гүнбилэг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг яагаад ашиг сонирхлын зөрчилгүй гэж дүгнэсэн талаар тайлбар авахаар АТГ-т хандсан билээ. Үүний зэрэгцээ,
Б.Дэлгэрсайхан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж байгаа тул АТГ-т шалгуулахаар хандсан билээ.
Энэ талаар хуульч Б.Гүнбилэг: “… УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нь зам тээврийн салбарт 1300 орчим вагон эзэмшдэг, “Болдтөмөр Ерөө гол” компанитай холбоотой төмөр замын томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн гэх мэдээлэл бий. Мөн түүний хамаарал бүхий “Монголиан Транс Лайн” компани Дорноговь аймагт 226-227 км төмөр зам тавьсан нь түүнийг энэ салбарын “магнат”, монопол тоглогч болсныг илтгэж байна. Төрийн бодлого тодорхойлж, зөвшөөрөл олгодог сайд өөрөө хувийн компаниараа дамжуулан төрийн ажлыг гүйцэтгэж байгаа нь засаглалын зарчимд нийцэхгүй. Тухайлбал, төрийн өмчит үйлдвэрийн газруудын тээвэрлэлтийн тендерт түүний хамаарал бүхий компаниуд нь ялж, Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр л гэхэд 650 орчим вагон ажиллуулж байгаа нь ашиг сонирхлын зөрчил дээд цэгтээ хүрснийг харуулж байна.” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл хуульч Б.Гүнбиэгийн өргөдөл мэдээллийн дагуу АТГ-аас УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг шалгаж эхэлжээ. Тодруулбал хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

